Аханы нүгэл, үүний шийтгэл
7 1 Гэвч Израилын хөвгүүд хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэв. Иуда овгийн Зерагийн гуч, Забдийн ач, Кармийн хүү Ахан хориг цээртэй зүйлсээс авчээ. Иймээс ЭЗЭНий уур хилэн Израилын хөвгүүдийн эсрэг дүрэлзэв.
2 Иошуа Иерихогоос Бетелийн зүүнтээд орших, Бет-Авены ойролцоо байдаг Аи руу эрчүүдийг илгээн, тэдэнд
—Явж очоод нутгийг тагна гэв. Тэд явж Аиг тагнав. 3 Тэд Иошуа руу буцаж ирээд
—Бүх ард олныг бүү явуул. Харин хоёр юм уу, гурван мянга орчим хүн явуулан Аи хотыг цохиул. Тэд цөөхүүлээ учраас бүх хүмүүсээ тэнд бүү туйлдуул гэв. 4 Ийнхүү ард олноос гурван мянга орчим хүн тийш очсон боловч Аин эрчүүдээс тэд зугтаажээ. 5 Аин эрчүүд тэднээс гучин зургаа орчим хүнийг алж, тэднийг гулдан хаалганаас Шебарим хүртэл нэхэн хөөж, бэл газарт тэднийг хороов. Тиймээс ард олны зүрх үхэж, шалдаа буув.
6 Тэгэхэд Иошуа хувцсаа уран, үдэш болтол ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унаж хэвтэв. Израилын ахмадууд ч бас тэгсэн бөгөөд тэд толгой дээрээ шороо цацацгаажээ. 7 Иошуа
—Аяа, Эзэн БУРХАН, юунд Та энэ ард олныг Йорданыг гатлуулан авч ирэв? Зөвхөн аморичуудын гарт биднийг өгч устгуулахын тулд гэж үү? Бид Йорданы нөгөө талдаа суурьшин нутаглаж байсан ч болоосой! 8 Эзэн минь, Израил өстөн дайсандаа нуруугаа харуулан зугтсанаас хойш би юу хэлэх вэ? 9 Учир нь канаанчууд болон нутгийн бүх оршин суугчид үүнийг сонсоод, биднийг бүслэн, газар дэлхийгээс нэрийг маань арчиж хаях болно. Тэгэхэд нь Та Өөрийн аугаа нэрийн төлөө юу хийх юм бэ? гэлээ.
10 Тэгтэл ЭЗЭН, Иошуад
—Өндийн бос. Юунд чи нүүрээрээ унаад байна вэ? 11 Израил нүгэл үйлдэж, тэдэнд тушаасан гэрээг минь бас зөрчсөн. Тэд хориг цээртэй зүйлсээс заримыг авч, хулгай хийж, бас хууран мэхэлсэн. Түүгээр барахгүй тэдгээрийг өөрсдийн эд зүйлс дунд тавьсан. 12 Израилын хөвгүүд өстөн дайснаа эсэргүүцэж чадахгүй бөгөөд тэд дайсандаа нуруугаа харуулан зугтсан. Учир нь тэд өөрсдөө хориг цээр болсон юм. Та нар өөрсдийн дотроос тэрхүү хориг цээртэй зүйлсийг бүгдийг устгахаас нааш Би та нартай цаашид хамт байхгүй. 13 Бос, ард олныг ариусган, тэдэнд “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь Израилын Бурхан ЭЗЭН ийнхүү айлджээ. «Израил аа, та нарын дунд хориг цээр болсон зүйлс байна. Тэр хориг цээр болсон зүйлсээ дотроосоо зайлуулахаас нааш та нар дайснаа эсэргүүцэж чадахгүй». 14 Тэгэхээр өглөө та нар овог овгоороо ойртон ир. ЭЗЭНий тунгаан авах овог нь ураг ургаараа, ЭЗЭНий тунгаан авах ураг нь бүл бүлээрээ, мөн ЭЗЭНий тунгаан авах бүл нь нэг нэгээрээ ирэгтүн. 15 Хориг цээртэй зүйлсийг авсан хүн, ЭЗЭНий гэрээг зөрчиж, Израилд шившигт зүйлийг үйлдсэн учир өөрт байгаа бүхний хамт галд шатаагдана” гэж хэл гэлээ.
16 Ингээд Иошуа өглөө эртлэн босож, Израилыг овгуудаар нь авчрахад Иуда овог тунав. 17 Иудагийн ургийг авчирсанд зерачуудын ураг тунав. Зерачуудын ургийг хүн тус бүрээр нь авчирсанд Забди тунан авагдав. 18 Иошуа түүний гэрийнхнийг нэг нэгээр нь авчрахад Иуда овгийн Зерагийн гуч, Забдийн ач, Кармийн хүү Ахан тунажээ. 19 Иошуа, Аханд
—Хүү минь, гуйя. Израилын Бурхан ЭЗЭНд алдрыг өргөн, Түүнд хүндэтгэл үзүүл. Тэгээд юу хийснээ одоо надад хэл. Надаас юу ч бүү нуу гэлээ. 20 Тэгэхэд нь Ахан Иошуад хариулсан нь
—Үнэхээр би Израилын Бурхан ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн. Миний хийсэн хэрэг гэвэл 21 олзон дотор Шинарын гоёмсог өмсгөл, хоёр зуун шекел мөнгө болон тавин шекел жинтэй алтан гулдмай байхыг би үзээд, шунахайрч авсан. Үзэгтүн, тэдгээр зүйлс миний майхан дотор газарт булаастай, доор нь мөнгө нь байгаа гэв.
22 Иошуа элч нарыг явуулсанд тэд майхан руу гүйн очвол, үзэгтүн, тэдгээр зүйлс, мөнгө нь доороо бүгд түүний майхан дотор газарт булаастай байв. 23 Тэд майхан дотроос тэдгээр зүйлийг авч, Иошуа ба Израилын бүх хөвгүүд дээр авчраад, ЭЗЭНий өмнө асгав. 24 Ингээд Иошуа бүх Израилын хамтаар Зерагийн хүү Ахан болон мөнгө, өмсгөл, алтан гулдмай мөн түүний хөвгүүд, охид, үхэр, илжиг, хонь, майхан хийгээд түүнд байсан бүхнийг авч, Ахорын хөндийд авчрав. 25 Иошуа
—Чи бидэнд гай болсны адил өнөөдөр ЭЗЭН чамд гай тарина гэлээ. Ингээд бүх Израил тэдэн рүү чулуу шидлэв. Тэдэн рүү чулуу чулуудсаны дараа галдан шатаав. 26 Тэгээд Аханы дээр том чулуун овоо босгосон нь энэ өдрийг хүртэл байсаар байна. Ийнхүү ЭЗЭН нүүр буруулахаа больж, Түүний догшин уур хилэн намдав. Тиймээс ч тэр газар энэ өдрийг хүртэл Ахорын хөндий хэмээн нэрлэгдсээр иржээ.