Аиг мэхлэн эзэлж сүйрүүлэв

8 1 Ингээд ЭЗЭН, Иошуад
—Бүү ай, бүү шантар. Бүх дайчин эрсийг авч хөдөл. Аи руу довтол. Харагтун, Би Аин хааныг, түүний ард олон, хот мөн газар нутгийг нь чиний гарт өгсөн. 2 Чи Иерихог болон хааныг нь хэрхэн дийлснийхээ адилаар, Аиг болон түүний хааныг мөн тийм болго. Харин олз болон мал сүргийг нь л өөрсдөдөө хуваан авч болно. Чи хотын ар талд отолтод гарагтун гэж айлдав.
3 Иошуа бүх дайчин эрчүүдтэй хамт Аи руу довтлохоор хөдлөв. Иошуа гучин мянган эрэлхэг хүчит эрсийг сонгон авч, тэднийг шөнөөр илгээв. 4 Иошуа тэдэнд тушаан
—Анхаарагтун, та нар хотын ар талд отолтод гарах ёстой. Хотоос хэт холдолгүй, бүгд бэлэн бай. 5 Тэгэхэд би өөрийн хамт байгаа бүх хүнтэйгээ хот руу дөхөж очно. Тэд урьдын адил биднийг угтан гарч ирэхэд бид тэднээс зугтана. 6 Тэднийг хотоос холдтол бид зугтана. Тэд “Израилчууд урьдын адил биднээс зугтаж байна” гээд бидний араас нэхэн гарах болно. 7 Та нар отолтоосоо гарч, хотыг эзэл. Та нарын гарт ЭЗЭН Бурхан чинь хотыг өгөх болно. 8 Та нар ЭЗЭНий тушаалын дагуу хотыг эзэлснийхээ дараа хотод гал тавь. Анхаарагтун, би та нарт тушааж байна гэв. 9 Ийнхүү Иошуа тэднийг отолтод явуулсанд тэд Бетел ба Аин хооронд очиж, Аин баруун талд бүгэв. Харин Иошуа тэр шөнийг ард олны дунд өнгөрөөв.
10 Иошуа өглөө эртлэн босож, эрчүүдийг нягтлаад, ард олныг тэргүүлэн Израилын ахлагчдын хамт Аи руу явав. 11 Түүнтэй хамт явж байсан бүх дайчин эрс хотын нүүрэн талд ойртон ирээд, Аи хотын хойд зүгт буув. Аи болон тэдний хооронд нэгэн хөндий байв. 12 Тэгээд Иошуа таван мянга орчим эрчүүдийг авч, тэднийг хотын баруун талд, Бетел болон Аин хооронд отолтод гаргав. 13 Ийнхүү хүмүүс хотын хойд зүгт бүгд байраа эзэлсэн байлаа. Харин отогчид хотын баруун талд арын хамгаалалтад байрлав. Иошуа тэр шөнийг хөндий дунд өнгөрөөлөө. 14 Үүнийг харсан Аин хаан болон бүх эрс Израилыг тосон байлдахаар үүрээр яаран хөдлөв. Тэд өмнө нь товлосон газар буюу Арабагийн урд байх газрын зүг давшин гарав. Гэвч хотын ар талд отогчид буйг тэр мэдсэнгүй. 15 Иошуа болон бүх израилчууд тэдэнд цохигдсон мэт дүр үзүүлж цөл рүү зугтлаа. 16 Хотод байсан бүх хүн израилчуудыг мөшгөн хөөхөөр дуудагдаж, тэд Иошуаг хөөсөөр хотоос холдов. 17 Ийнхүү Израилын араас явалгүй үлдсэн нэг ч эр хүн Аи болон Бетелдэ байсангүй. Тэд хотыг хамгаалалтгүй орхин, Израилыг нэхэн хөөжээ. 18 Тэгтэл ЭЗЭН, Иошуад
—Гартаа байгаа жадыг Аи тийш сунга. Учир нь Би Аиг гарт чинь өгөх болно гэлээ. Ийнхүү Иошуа гартаа байсан жадыг хот руу сунгав. 19 Иошуаг гараа сунгах үед, отолтод байсан эрчүүд байрнаасаа яаравчлан гарч, хот руу нэвтрэн орж түүнийг эзлээд, хотод тэр даруй гал тавив. 20 Аин эрчүүд эргэн хараад хотоос утаа тэнгэр өөд суунаглаж байхыг үзэв. Цөл рүү зугтагсад мөшгөгчдийнхөө өөдөөс гэнэт эргэн довтолсонд тэд цаашаа ч наашаа ч зугтах аргагүй болов. 21 Отогчид хотыг эзэлж, хотоос утаа суунаглахыг Иошуа болон бүх Израил хараад эргэн довтолж Аин эрчүүдийг хядав. 22 Тэднийг сөрөн бусад израилчууд ч хотоос гарч ирсэн ба тэд тал бүрээсээ шахагдан бүслэгдэв. Израилчууд нэг ч хүн үлдээлгүй мөн хэнийг ч зугтаалгалгүйгээр тэднийг устгав. 23 Харин тэд Аин хааныг амьдаар нь барьж Иошуад авчрав.
24 Израилчууд өөрсдийг нь мөшгөн хөөж байсан Аи хотынхныг цөл хээр талд илдний ирээр хядаж дуусгаад Аи руу эргэн очиж, тэнд байсан бүхнийг илдний ирээр хядав. 25 Тэр өдөр алагдсан эрэгтэй эмэгтэй бүх хүн арван хоёр мянга буюу Аин хүмүүс бүгд байлаа. 26 Учир нь Аин бүх оршин суугчдыг хүйс тэмтэрч дуустлаа Иошуа жад сунгасан гараа буулгасангүй. 27 Иошуад ЭЗЭН тушаасны дагуу, израилчууд энэ хотын зөвхөн мал сүрэг ба олзыг л өөрсдөдөө авав. 28 Иошуа, Аиг галдан шатааж, түүнийг ийнхүү үүрдийн балгас болгосон нь өнөөг хүртэл хэвээр байна. 29 Мөн Аин хааныг Иошуа үдэш болтол модноос дүүжлэв. Тэгээд Иошуа нар жаргах үед тушаал өгч хааны цогцсыг модноос буулгаад хотын хаалганы үүднээ хаясан ба түүн дээр том чулуун овоо босгосон нь өнөөг хүртэл байсаар байна.

Иошуа гэрээг сэргээв

30 Дараа нь Иошуа, Ебал уулан дээр Израилын Бурхан ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгов.* 31 Энэ нь Мосегийн хуулийн номд бичигдсэний дагуу төмөр хүргээгүй чулуугаар барьсан тахилын ширээ байлаа. Ийнхүү үйлдэхийг ЭЗЭНий зарц Мосе Израилын хөвгүүдэд тушаасан юм. Израилчууд түүн дээр ЭЗЭНд зориулан шатаалт тахил болон эвийн тахил өргөв.* 32 Тэнд Иошуа Мосегийн бичсэн хуулийг Израилын хөвгүүдийн өмнө чулуун дээр хуулан бичив. 33 ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан явдаг Левийн тахилч нарын өмнө, гэрээний авдрын хоёр талаар бүх Израил өөрийн ахмадууд, түшмэд, шүүгчидтэйгээ зогсов. Мөн тэдэнтэй хамт суугуул ба уугуул хүмүүс байлаа. ЭЗЭНий зарц Мосе Израилын ард түмнийг ерөөхийг анх тушаасны дагуу хүмүүсийн хагас нь Геризим уулын өвөрт, нөгөө хагас нь Ебал уулын өвөрт зогсоцгоожээ.* 34 Дараа нь Иошуа хуулийн номд бичигдсэний дагуу хуулийн бүх үгийг, ерөөл ба хараалтай нь хамт уншив. 35 Иошуа, Мосегийн тушаасан бүхнийг Израилын бүх чуулганд болон эмэгтэйчүүд, хүүхдүүд хийгээд тэдний дунд амьдарч байсан суугуул хүмүүст бүгдийг нь уншиж өгсөн ба түүнээс тэдэнд уншиж өгөөгүй нэг ч үг байсангүй.


  • э8:17 ЭЗО зөвхөн Аи
  • 8:30–32 Дх 27:2–8
  • 8:31 Гэт 20:25
  • 8:33–35 Дх 11:29, 27:11–14