Йорданы зүүн овгийнхон эзэмшилдээ буцав
22 1 Иошуа тэгээд реубенчүүд, гадчууд болон Манассегийн хагас овгийнхныг дуудан ирүүлж, 2 тэдэнд
—ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаасан бүхнийг та нар сахиж, мөн миний та нарт тушаасан бүхэнд миний дуу хоолойг дагаж байсан.* 3 Та нар өнөөдрийг хүртэл ах дүү нараа хэзээ ч орхилгүй, харин ЭЗЭН Бурханыхаа тушаасан үүргийг үнэнчээр сахиж байв. 4 Харин одоо та нарын Бурхан ЭЗЭН амласан ёсоороо ах дүүсийг тань амруулав. Иймийн тул ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Йорданы нөгөө тал дахь эзэмшил нутагтаа буцаж майхнууддаа очицгоо. 5 Харин ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаасны дагуу өөрсдийн Бурхан ЭЗЭНийг хайрлан, Түүний бүх замаар алхан, тушаалуудыг нь сахиж, Түүнээс бат барин, Түүнд бүх зүрх, бүх сэтгэлээрээ үйлчил гэсэн тушаал ба хуулиудыг биелүүлэхэд сайтар анхаар гэлээ. 6 Ингээд Иошуа тэднийг ерөөн явуулахад тэд майхнууд руугаа явав.
7 Башаны газрыг Манассегийн нэг хагас овогт Мосе өгсөн бол Йорданы наад тал буюу баруун тал дахь нутгийг нөгөө хагас овогт нь Иошуа өгөв. Энэ нь ах дүү нарынх нь нутгийн дунд байв. Тэгээд Иошуа тэднийг өөрсдийнх нь майхан руу буцаан явуулахдаа тэднийг ерөөн
— 8 Майхнууддаа хөрөнгө арвин, сүрэг олон, мөнгө, алт, хүрэл, төмөр, хувцас ихтэй буцаж оч. Дайснуудаас олзолсноо ах дүү нартайгаа хуваа гэв. 9 Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Канаан нутгийн Шило дахь Израилын хөвгүүдээс салж, Мосегоор дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу суурьшсан Гилеадын эзэмшил нутаг руугаа буцаж явлаа.
Йорданы зүүнтээх тахилын ширээ
10 Канаан нутаг дахь Йорданы бүс нутагт ирээд, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон тэндээ Йорданы дэргэд, харахад сүрлэг том тахилын ширээ босгосон байлаа. 11 Израилын хөвгүүд үүнийг сонсоод
—Харагтун, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овог Канаан нутгийн урд, Йорданы бүс нутагт, Израилын хөвгүүдэд харьяалагдах талд тахилын ширээ босгосон байна гэв. 12 Үүнийг сонсоод Израилын хөвгүүдийн хотол түмэн тэдний эсрэг явж дайтахаар Шилод цуглав.
13 Тэгээд Израилын хөвгүүд Гилеадын нутаг руу, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон руу тахилч Елеазарын хүү Финехасыг илгээв. 14 Түүнтэй хамт Израилын овог бүрээс тус тусын эцэг өвгөдийн бүлийн тэргүүн болох арван удирдагчийг илгээв. Тэдгээр нь бүгд Израилын овгуудын дотор өөрсдийн эцэг өвгөдийн бүлийн тэргүүн нар байв. 15 Тэд Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд ба Манассегийн хагас овгийнхон дээр Гилеад нутагт ирээд, тэдэнд
— 16 ЭЗЭНий хотол түмэн ийн хэлж байна. Та нар өөрсдөдөө тахилын ширээ босгосноороо ЭЗЭНий эсрэг харш юм хийв. ЭЗЭНээс буцан эргэж, Израилын Бурханы эсрэг үйлдсэн энэ итгэмжгүй үйлдэл чинь юу вэ?* 17 Пеорын хилэнцээс болж ЭЗЭНий хотол түмэн дээр гай гамшиг буусныг болон энэ өдрийг хүртэл бид түүнээс цэвэрлэгдээгүйг та нар мэднэ. Бидэнд энэ нь багадлаа гэж үү?* 18 Гэтэл та нар энэ өдөр ЭЗЭНийг дагахаас буцаж байна гэж үү? Хэрэв та нар өнөөдөр ЭЗЭНий өөдөөс тэрслэн босвол ЭЗЭН маргааш Израилын хотол түмэнд хилэгнэх болно. 19 Хэрэв суурьшиж буй нутаг чинь цэвэр бус байгаа бол, ЭЗЭНий асар оршин буй, ЭЗЭНий эзэмшлийн нутагт нааш ирж, бидний дунд оршин суугаач. Гэхдээ бидний Бурхан ЭЗЭНий тахилын ширээнээс өөр тахилын ширээг өөрсдөдөө босгон ЭЗЭНий болон бидний эсрэг бүү тэрслэн босогтун. 20 Зерагийн хүү Ахан хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдсэн тул Израилын хотол түмэн дээр уур хилэн буугаагүй гэж үү? Ийм хилэнцээс болж тэр хүн ганцаараа үхээгүй юм гэв.*
21 Тэгтэл Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд ба Манассегийн хагас овгийнхон Израилын ургуудын тэргүүн нарт
— 22 Бурхдын Бурхан ЭЗЭН бол Бурхдын Бурхан ЭЗЭН! Тэрээр мэдэж байгаа. Мөн Израил ч мэдэж аваг. Хэрэв энэ нь тэрслэл юм уу, ЭЗЭНий эсрэг шударга бус явдал байсан бол Эзэн энэ өдөр биднийг бүү авраг. 23 Хэрэв ЭЗЭНийг дагахаас бид эргэсэн бол мөн шатаалт буюу идээн өргөлийг эсвэл эвийн тахилыг өөрсдөдөө зориулан өргөхөөр тахилын ширээ босгосон бол ЭЗЭН Өөрөө биднээс хариу нэхэг. 24 Үүнийг үйлдэхэд бидний санаа зовсон үнэн учрыг хэлбэл “Хожим танай үр удам «Та нар Израилын Бурхан ЭЗЭНтэй ямар холбоотой юм бэ? 25 Реубен болон Гадын хөвгүүд ээ, ЭЗЭН Йорданыг та бидний хоорондох хил болгосон. Та нарт ЭЗЭНий дотор ямар ч хувь ногдол үгүй билээ» гэж манай үр удамд хэлж магад. Ийнхүү танай үр удмаас болж манай үр удам ЭЗЭНээс эмээхгүй болж болох юм.” 26 Тэгээд бид хэлэлцэхдээ “Бүгдээрээ тахилын ширээ барьцгаая! Энэ нь шатаалт тахил болон өргөлийн төлөө бус, 27 харин бид ЭЗЭНий өмнө шатаалт тахил, өргөл болон эвийн тахилаараа ЭЗЭНд үйлчилдгийг л харуулахын тулд байг. Та бид болон бидний дараагийн үеийнхний хооронд энэ нь гэрч болог. Хожим манай үр удам «ЭЗЭНий дотор та нарт ямар ч хувь ногдол байхгүй» гэж танай үр удамд хэлүүлэхгүйн тулд энэхүү ширээг босгосон билээ” гэв. 28 Тийм учраас бид “Хэрэв тэд бидэнд эсвэл хожим бидний үр удамд үүнийг хэлбэл бид хариуд нь «Бидний өвөг эцгүүд, шатаалт тахил юм уу, өргөлийн төлөө бус, харин та бидний хооронд гэрчлэл болгохын тулд ЭЗЭНий тахилын ширээг хэрхэн хуулсныг хар» гэж хэлнэ” гэлээ. 29 Бидний Бурхан ЭЗЭНий асрын өмнө байгаа Өөрийнх нь тахилын ширээнээс гадна, шатаалт ба идээн өргөлд болон өргөлд зориулан өөр тахилын ширээ босгож, энэ өдөр ЭЗЭНий эсрэг тэрслэн, ЭЗЭНийг дагахаас эргэх явдал биднээс хол байг гэв.
30 Үүнийг сонссон тахилч Финехас ба түүнтэй хамт байсан хотол түмний удирдагчид болох Израилын ургийн тэргүүн нар, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдийг таашаав. 31 Тэгээд тахилч Елеазарын хүү Финехас нь Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдэд
—ЭЗЭН бидний дунд байгааг өнөөдөр бид мэдлээ. Учир нь та нар ЭЗЭНий эсрэг итгэмжгүй харш юм үйлдээгүй ба та нар Израилын хөвгүүдийг ЭЗЭНий гараас аварлаа гэв.
32 Тэгээд тахилч Елеазарын хүү Финехас болон удирдагчид Гилеад нутагт буй Реубений хөвгүүд болон Гадын хөвгүүдээс салан явж, Канаан нутагт буй Израилын хөвгүүд дээр хариу үг авч буцаж ирэв. 33 Энэ үг нь Израилын хөвгүүдийн таалалд нийцсэн ба тэд Бурханыг магтан, Реубений болон Гадын хөвгүүдийн суурьшиж байсан нутгийг устгахаар тэдний эсрэг дайнд явах тухай дахин ярихаа болив. 34 Реубен болон Гадын хөвгүүд энэ тахилын ширээг “Гэрч” гэж нэрлээд, “Энэ нь бидний дунд, ЭЗЭН бол Бурхан мөн гэдгийн гэрч юм” гэв.
- 22:2 Тоо 32:20–32; Иош 1:12–15
- 22:16 Дх 12:13–14
- 22:17 Тоо 25:1–9
- 22:20 Иош 7:1–26