Иошуа ард олныг сургамжлав
23 1 Эргэн тойрных нь дайснаас Израилыг ЭЗЭН амарлиулснаас хойш олон өдөр өнгөрч, Иошуа нас өндөр болж хөгшрөв. 2 Иошуа бүх Израилыг, тэдний ахлагчид, тэргүүн нар, шүүгчид болон түшмэдийг дуудан ирүүлж, тэдэнд
—Би хөгширч нас өндөр болов. 3 Мөн та нарын төлөө энэ бүх үндэстнүүдэд ЭЗЭН Бурханыхаа хийсэн бүхнийг та нар харсан. Учир нь ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө дайтсан юм. 4 Харагтун, Йорданаас цаашлаад Их тэнгис хүртэл, наран жаргах зүгт миний эзлэн авсан бүх улс үндэстний хамт үлдсэн энэ бүх үндэстнийг би та нарт овгуудын чинь дагуу өв болгон шавгаар хуваарилан өгсөн билээ. 5 Та нарын Бурхан ЭЗЭН Өөрөө тэднийг өмнөөс чинь тууж гарган, хөөж зайлуулах ба ЭЗЭН Бурханы тань та нарт амласан ёсоор тэдний нутгийг та нар эзэмших болно. 6 Иймд Мосегийн хуулийн номд бичигдсэн бүгдээс баруун тийш ч, зүүн тийш ч огт хазайлгүй цөмийг нь бат сахин биелүүл. 7 Та нарын дунд үлдсэн эдгээр үндэстэнтэй хутгалдалгүй, тэдний бурхдын нэрийг дурдалгүй, тэднээр тангараглалгүй, тэдэнд үйлчлэлгүй, тэдэнд мөргөлгүй бай. 8 Харин энэ өдрийг хүртэл үйлдсэн шигээ, та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНээс бат зуурагтун. 9 Учир нь агуу ба хүчит үндэстнүүдийг ЭЗЭН та нарын өмнөөс хөөн гаргасан. Харин энэ өдрийг хүртэл нэг ч хүн та нарыг эсэргүүцэн зогсож чадаагүй билээ. 10 Та нарын Бурхан ЭЗЭН та нарт амласан ёсоороо та нарын төлөө тулалддаг Нэгэн тул танай нэг хүн мянган хүнийг хөөж чаддаг.* 11 Тиймд амийнхаа төлөө өөрсдийн Бурхан ЭЗЭНийг ямагт хайрлахыг хичээн анхаарагтун. 12 Учир нь хэрэв та нар энэ замаасаа буцаж, та нарын дотор үлдсэн эдгээр үндэстний хүмүүстэй холбогдож тэдэнтэй нийлэн гэр бүл болох юм бол 13 та нарын Бурхан ЭЗЭН эдгээр үндэстнийг өмнөөс чинь хөөн зайлуулахаа болино гэдгийг бат мэдэгтүн. Харин ЭЗЭН Бурханы чинь та нарт өгсөн энэ сайхан нутгаас та нарыг мөхөж үгүй болтол энэ үндэстнүүд та нарт урхи ба занга, нуруунд чинь ташуур, нүдэнд чинь өргөс болох болно.
14 Харагтун, хорвоогийн хүн бүрийн жам ёсоор би одох гэж байна. ЭЗЭН Бурханы чинь та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч талаар өнгөрөөгүй, нэг ч үг хөсөрдөөгүй, бүгд биелсэн гэдгийг та нар бүх зүрх, бүх сэтгэлээрээ мэдэж байгаа. 15 Харин ЭЗЭН Бурханы тань та нарт айлдсан бүх сайн сайхан үгс биелсний адилаар Өөрийнхөө өгсөн сайхан нутгаас та бүгдийг устгаж дуустлаа ЭЗЭН та нарын дээр гай зовлонг авчирч бас чадна. 16 Хэрэв та нар ЭЗЭН Бурханыхаа тушаасан гэрээг зөрчиж, өөр бурхдад очиж үйлчлэн тэдэнд мөргөвөл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг шатаж, Түүний өгсөн сайхан нутаг дээр нь та нар төдөлгүй мөхөх болно гэв.
- 23:10 Дх 3:22, 32:30