Гилгалд босгосон арван хоёр чулуу

4 1 Ингээд үндэстэн бүхлээрээ Йорданыг гаталж дуусахад ЭЗЭН, Иошуатай ярин
2 Овог тус бүрээс нэг хүн буюу ард түмнээс нийт арван хоёр хүн авч, 3 “Йорданы тэхий дундаас, тахилч нарын хөл бат зогсож буй газраас өөрсдөдөө арван хоёр чулуу авч, өргөж зөөгөөд, энэ шөнө хоноглох газраа аваачиж тавь” гэж тэдэнд тушаагтун гэжээ. 4 Тэгэхэд нь Иошуа овог тус бүрээс нэг хүн буюу Израилын хөвгүүдээс өөрийн томилсон арван хоёр хүнийг дуудаад, 5 тэдэнд
—ЭЗЭН Бурханыхаа авдрын өмнө Йорданы тэхий дунд нь очин, Израилын хөвгүүдийн овгийн тоогоор хүн бүр нэг чулуу өргөж, мөрөн дээрээ тээгээд авчир. 6 Энэ нь та нарын дунд тэмдэг болог. Хожим хүүхдүүд тань “Энэ юун чулуунууд вэ?” гэж асуухад 7 та нар тэдэнд “Учир нь ЭЗЭНий гэрээний авдрын өмнө Йорданы ус таслагдаж байв. Уг авдар Йорданыг гатлан гарах үед Йорданы ус таслагдсан юм” гэж хэл. Тиймээс ч энэ чулуунууд Израилын хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэв.
8 Ингээд Израилын хөвгүүд Иошуагийн тушаасан ёсоор гүйцэтгэж, Иошуад ЭЗЭНий айлдсанчлан, Израилын хөвгүүдийн овгийн тоогоор арван хоёр чулууг Йорданы тэхий дундаас өргөж, хоноглох газартаа аваачаад тэнд тавив. 9 Дараа нь Иошуа гэрээний авдрыг дамнаж явсан тахилч нарын хөл гишгэн зогсож байсан тэр газарт, Йорданы тэхий дунд арван хоёр чулуу аваачиж овоолов. Тэдгээр чулуу нь өнөөг хүртэл тэнд байгаа билээ. 10 Мосегоос Иошуад захирамжилсны адил, Иошуагаар дамжуулан ард олонд ЭЗЭНий тушаасан бүгдийг тэд нар гүйцэтгэж дуустал тахилчид авдрыг дамнан Йорданы тэхий дунд зогссоор л байв. Ард олон яаравчлан гатлав. 11 Бүх хүн гаталж дуусмагц, ЭЗЭНий авдар ба тахилч нар бас гатлан гарч, хүмүүсийн өмнө ирлээ. 12 Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд, мөн Манассегийн хагас овгийнхон зэвсэглэн, Мосегийн тэдэнд хэлсний дагуу Израилын хөвгүүдийн тэргүүнд гаталж гарав. 13 Дайтахаар зэвсэглэсэн дөчин мянгаад хүн ЭЗЭНий өмнө тулалдахаар Иерихогийн тал газар луу гатлан гарав.
14 Тэд Мосегоос эмээн түүнийг амьдралынх нь турш хүндэтгэж байсан шиг Иошуагаас ч мөн эмээн түүнийг хүндэтгэхийн тулд тэр өдөр ЭЗЭН бүх Израилын нүдний өмнө Иошуаг өргөмжилсөн билээ. 15 ЭЗЭН, Иошуад
16 Гэрчлэлийн авдрыг дамнасан тахилч нарт Йорданаас гарч ирэхийг тушаа гэж айлдав. 17 Тэгэхэд нь Иошуа тахилч нарт
—Йорданаас гарч ир гэж тушаалаа. 18 ЭЗЭНий гэрээний авдрыг дамнасан тахилч нар Йорданы тэхий дундаас гарч ирж, тахилч нарын хөлийн ул хуурай газарт хүрэх үед Йорданы ус хуучин хэвдээ орж, урьдынх шигээ бүх эргээ халин урсав.
19 Ард олон анхдугаар сарын аравны өдөр Йорданаас гарч ирэн Иерихогийн зүүн хязгаарт орших Гилгалд буудаллав. 20 Тэдний Йорданаас авсан нөгөө арван хоёр чулууг Иошуа Гилгалд овоолжээ. 21 Тэр Израилын хөвгүүдэд
—Хожим үр хүүхдүүд чинь эцгүүдээсээ “Энэ юун чулуунууд вэ?” хэмээн асуувал, 22 та нар тэдэнд “Израилчууд энэ Йорданыг хуурай газраар гаталсан юм” гэж тайлбарлан хэл. 23 Учир нь биднийг гаталж дуустал ЭЗЭН Бурхан тань бидний өмнө Улаан тэнгисийг ширгээсний адилаар одоо ЭЗЭН Бурхан тань та нарыг гаталж дуустал Йорданы усыг та нарын өмнө ширгээсэн билээ. 24 Та нар ЭЗЭН Бурханаасаа мөнхөд эмээхийн тулд ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг дэлхийн бүх ард түмэнд ийнхүү мэдүүлсэн юм гэв.