Үлдсэн овгуудын нутаг дэвсгэр
18 1 Ингээд Израилын хөвгүүдийн хотол түмэн Шилод цуглан, тэнд уулзалтын майхан босгов. Уг нутаг тэдний захиргаанд байв.
2 Израилын хөвгүүдийн дунд өв залгамжлалаа хүлээн аваагүй долоон овог үлдсэн байлаа. 3 Иймээс Иошуа Израилын хөвгүүдэд
—Эцэг өвгөдийн тань Бурхан ЭЗЭНий та нарт өгсөн газар нутгийг дайлж эзэмшихээр явалгүй та нар хэчнээн лазагнах гэсэн юм бэ? 4 Овог бүр дундаасаа гурав гурван хүнийг томил. Газар газрыг нь тодорхойлон бичүүлэхийн тулд би тэднийг явуулна. Тэд босож, уг нутгаар явж, тус бүрийн өв залгамжлалын газрыг дүрслэн бичээд над дээр буцаж ирэх учиртай. 5 Тэдгээр нутгийг долоон хэсэгт хуваа. Иуда өмнө зүгт өөрийн нутагтаа үлдэх бөгөөд Иосефын гэр хойд зүгт өөрийн нутагтаа хэвээр үлдэх ёстой. 6 Та нар уг нутгийг долоон талаар тодорхойлон бичиж, дараа нь түүнийгээ надад авчир. Бидний Бурхан ЭЗЭНий өмнө би та нарын төлөө энд шавга орхих болно. 7 Харин левичүүдэд та нарын дундаас ямар ч ногдох хэсэг байхгүй учир нь ЭЗЭНий тахилчийн үйлчлэл бол тэдний өв юм. Гад, Реубен болон Манассегийн хагас овог ч Йорданы зүүнтээд өөрсдийн өвийг авсан. ЭЗЭНий зарц Мосе үүнийг тэдэнд өгсөн юм гэв.
8 Ингээд нутгийг тодорхойлон бичихээр хүмүүс босож явав. Иошуа тэдэнд
—Нутаг даяар явж, түүнийг тодорхойлон бичээд, над руу эргэж ир. Тэгэхэд би энд ЭЗЭНий өмнө Шилод та нарт зориулан шавга орхих болно гэж тушаав. 9 Тийнхүү хүмүүс уг нутгаар явж, түүний талаар хот хотоор нь, долоон хэсэг тус бүрээр номд тодорхойлж бичив. Тэд тэгээд Шило дахь хүрээ буудалд, Иошуа дээр эргэн ирлээ. 10 Иошуа тэдэнд зориулан Шилод ЭЗЭНий өмнө шавга орхисон ба тэнд Иошуа уг нутгийг овог овгийнх нь хуваарилалтын дагуу Израилын хөвгүүдэд хуваав.
Бениамины нутаг дэвсгэр
11 Бениамины хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу шавга буулаа. Тэдэнд шавгаар ногдсон нутаг нь Иуда болон Иосефын хөвгүүдийн овгийн нутгийн завсарт байв. 12 Тэдний хилийн шугам нь хойд талаараа Йорданаас эхэлж, Иерихогийн хойд тал руу өгсөж гараад, баруун зүгт уулархаг нутгийг дамжин өгсөж, Бет-Авены цөлд ирэн төгсөж байв. 13 Энэ нь улмаар Луз хүртэл (энэ нь Бетел) үргэлжлэн өмнөд бэлээр нь гарч, доод Бет-Хороны өмнө талд орших уулын дэргэдэх Атарот-Аддар луу уруудсан байв. 14 Эндээсээ уг хил Бет-Хороны өмнө зүгт орших уулаар дамжин баруун талаар нь өмнө зүгт эргэн, Иудагийн хөвгүүдийн хот Кириат-Баалд (энэ нь Кириат-Иеарим) ирээд төгсөж байв. Энэ нь баруун тал нь байлаа. 15 Өмнөд тал нь Кириат-Иеаримын баруун захаас эхлэн Нефтоагийн ус булгийг хүртэл баруун тийш явсан байлаа. 16 Тэгээд уг хил Рефаимын хөндийн хойно байдаг Бен-Хинномын хөндийд орших уулын хормой хүртэл уруудаад, иебусчуудын бэлийн өмнөд талаар дамжин Хинномын хөндий болон Ен-Рогел руу үргэлжилж байв. 17 Энэ нь хойд зүг рүү сунан, Ен-Шемеш рүү явж, Адуммимын өгсүүрийн эсрэг орших Гелилот тийш үргэлжлэн, Реубений хүү Боханы хад руу уруудсан байлаа. 18 Тэгээд тэндээсээ Бет-Арабагийн хойд бэлээс үргэлжлэн, доошоо Араба руу явсан байв. 19 Уг хилийн шугам Бет-Хоглагийн хойд бэлээр, Йорданы өмнөд адагт ирэн, Давст тэнгисийн хойд тохойд төгсөж байв. Энэ нь өмнөд хил нь байлаа. 20 Түүнээс гадна, Йордан гол зүүн хил болж байв. Эдгээр нь Бениамин овогт бүх ургийнх нь дагуу хуваарилсан өв нутгийн эргэн тойрны хил нь байлаа.
21 Бениамин овогт ураг ургийнх нь дагуу ногдсон хотууд нь: Иерихо, Бет-Хогла ба Емек-Кезиз, 22 Бет-Араба, Земараим ба Бетел, 23 Аввим, Пара ба Офра, 24 Хефар-Аммони, Офни ба Геба зэрэг арван хоёр хот, тосгодынхоо хамт, 25 Гибеон, Рама ба Беерот, 26 Мизпа, Хефира ба Моза, 27 Рекем, Ирпеел ба Тарала, 28 Зела, Хаелеф ба иебусчуудын хот (энэ нь Йерусалим), Гибеа ба Кириат зэрэг арван дөрвөн хот, тосгодынхоо хамт байв. Энэ нь Бениамины хөвгүүдэд ураг ургийнх нь дагуу ногдсон хотууд буюу тэдний өв билээ.