11 1 Ливан аа, хаалгануудаа онгойлго
Хуш моддыгa чинь гал залгиг.
2 Майлс мод оо, уйлагтун.
Учир нь хуш мод унаж,
Сүр жавхлант модод устгагдлаа.
Башаны царс модод оо уйлагтун.
Түнэр ой доош буув.
3 Сүр жавхлан нь сүйтгэгдсэнд
Тэнд хоньчдын уйлах дуулдана.
Йорданы бардамнал сүйрсэн тул
Залуу арслангуудын архирах нь сонсогдоно.

Хоёр өөр хоньчин

4 Миний Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Нядлагдах сүргийг хариул.b 5 Тэднийг худалдан авч нядлагсад нь шийтгүүлдэггүй бөгөөд тэднийг худалдсан хүмүүс нь «ЭЗЭН магтагдах болтугай, би баяжив» гэцгээдэг. Тэднийг өрөвдөх сэтгэл тэдний хоньчдод байхгүй. 6 Би энэ газрын оршин суугчдыг цаашид өрөвдөхгүй” гэж ЭЗЭН тунхаглаад “Гэвч үзэгтүн, Би хүмүүсийг бие биеийнх нь гарт, хааных нь гарт унагана. Тэд тэр газрыг цохино. Би тэдний гараас тэднийг аврахгүй” гэв.
7 Тэгээд би нядлагдах сүргийг, зүдэрсэн доройгийнх нь төлөө хариуллаа. Би өөртөө хоёр таяг авав. Нэгийг нь би “Таалал” гэж нэрлээд, нөгөөг нь “Нэгдэл” гэж нэрлэв. Ингээд би сүргээ хариулав. 8 Дараа нь би ганц сарын дотор гурван хоньчныг сүйрүүлэв. Учир нь тэднээс болж миний сэтгэл мятарч, тэд ч өөрсдөө намайг зэвүүрхэн жигшиж байлаа. 9 Тэгээд би “Би та нарыг хариулахгүй. Үхэх ёстой нь үхэг, хядуулах ёстой нь хядуулаг. Үлдсэн хэд нь нэг нэгнийхээ махыг идэг” гэв. 10 Би “Таалал” таягаа хугалж, бүх ард түмнүүдтэй байгуулсан гэрээгээ цуцаллаа. 11 Ингээд гэрээ тэр өдөр цуцлагдсан бөгөөд намайг харж байсан сүргийн доройчууд үүнийг ЭЗЭНий үг байсныг ойлгов. 12 Би тэдэнд “Хэрэв үүнийг та нар сайн гэж үзэж байгаа бол надад хөлсийг минь өг. Үгүй бол боль” гэв. Ингээд тэд миний хөлс гэж гучин мөнгөн шекел хэмжив.* * 13 ЭЗЭН надад “Тэдний Намайг үнэлсэн энэхүү гайхалтай үнэ хөлсийг ваарчин руу шид” гэв. Ингээд би гучин мөнгөн шекел авч, ЭЗЭНий өргөөн дотор ваарчин руу чулуудав.c 14 Дараа нь Иуда ба Израилын хоорондын ах дүүсийн барилдлагааг эвдэхийн тулд би өөрийн хоёр дахь таяг болох “Нэгдэл”-ийг хэсэг болгон хугалав.
15 ЭЗЭН надад “Тэнэг хоньчны хэрэгслийг өөртөө дахин ав. 16 Үзэгтүн! Сүйрснийг ойшоодоггүй, бутарсныг хайдаггүй, хугарсныг эмчилдэггүй, зогсогч нэгнийг нь дэмждэггүй атлаа харин тарган хонины махыг идэж, турууг нь тастах хоньчныг Би энэ газарт босгох гэж байна.

17 Сүргээ орхигч зохисгүй хоньчин хөөрхий еэ!
Түүний гар болон баруун нүдэн дээр нь илд байх болно!
Гар нь бүхлээрээ хатаж, баруун нүд нь сохорно” гэв.


  • a11:1 хуш мод: Хүчирхэг хаанчлалыг бэлгэдэж байна.
  • b11:4 хариул: Хоньчин нь хаан эсвэл удирдагчийг, хонь нь ард түмнийг төлөөлж байна.
  • 11:12 Мт 26:15
  • 11:12–13 Мт 27:9–10
  • c11:13 ЭЗО: Өргөөний эрдэнэсийн санд хий.