Тав дахь үзэгдэл: Дэнлүүний суурь ба чидун мод

4 1 Тэгээд надтай ярилцаж байсан тэнгэрэлч эргэн ирж, нойрноос сэрсэн хүн мэт намайг босгов. 2 Тэр надаас
—Чи юу харж байна вэ? гэсэнд би
—Аа, харлаа. Оройдоо хул бүхий цул алтан дэнлүүний суурь байна. Дээрээ тус бүр нь дэнтэй, долоон суваг бүхий долоон дэнлүүг харлаа. 3 Мөн дэргэд нь хоёр чидун мод байна. Нэг нь хулны баруун талд, нөгөө нь зүүн талд нь байна гэв.* 4 Дараа нь би надтай ярилцаж байсан тэнгэрэлчид хандан
—Эзэн минь, эдгээр нь юу вэ? гэсэнд 5 надтай ярилцагч мөнөөх тэнгэрэлч надад хандан
—Эдгээр нь юу болохыг чи мэдэхгүй гэж үү? хэмээв. Тэгэхэд нь би
—Мэдэхгүй, эзэн минь гэхэд 6 тэр надад
—Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. “Хүч чадлаар бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.* 7 “Агуу уул аа! Чи юу юм бэ? Зеруббабелын өмнө чи тал газар болно. Тэр «Нигүүлсэл, түүнд нигүүлсэл байг!» гэх хашхираан дунд оройн чулууг урагш авчирна” гэв.
8 Мөн ЭЗЭНий үг надад ирж айлдсан нь
9 Зеруббабелын гар энэ өргөөний суурийг тавьсан бөгөөд түүний гар үүнийг дуусгах болно гэв. Тийнхүү та нар түг түмдийн ЭЗЭН л намайг та нар луу илгээснийг мэдэх болно. 10 Өдрүүд дэх жижиг юмсыг үл тоож байсан нь Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг хараад баярлах болно.
Харин эдгээр долоо нь дэлхий даяар хэрэн хэсэх ЭЗЭНий нүд юм гэв.* 11 Дараа нь би түүнд
—Дэнлүүний суурийн баруун, зүүн тал дахь энэ хоёр чидун мод нь юу вэ? гэв.* 12 Би хоёр дахь удаагаа түүнд
—Хоёр алтан цоргоор тосоо юүлэн гаргагч чидуны хоёр мөчир нь юу вэ? гэсэнд 13 тэр надад
—Эдгээр нь юу болохыг чи мэдэхгүй гэж үү? хэмээсэнд би
—Үгүй, эзэн минь гэв. 14 Тэгээд тэр
—Эдгээр нь бүх л газар дэлхийн Эзэний дэргэд зогсож байдаг тослогдсон хоёр хөвгүүн юм гэв.


  •  4:3 Илч 11:4
  • 4:6 Езр 5:2
  • 4:10 Илч 5:6
  • 4:11 Илч 11:4