Ирээдүйн дайн, эцсийн ялалт

14 1 Үзэгтүн, та нараас булаагдсан олзыг та нарын дунд хуваах тэр өдөр ЭЗЭНд ирж байна. 2 Би Йерусалимын эсрэг тулалдуулахаар бүх үндэстнүүдийг цуглуулна. Хот эзлэгдэж, гэр орнуудыг тонон, эмэгтэйчүүдийг хүчирхийлэн, хотын хагас нь цөлөгдөх боловч ард түмний бусад нь хотоос таслагдахгүй. 3 Дараа нь ЭЗЭН урагшлан, тулааны өдөрт дайтдаг шигээ тэдгээр үндэстнүүдтэй Тэрээр дайтна. 4 Тэр өдөр Түүний хөл Йерусалимын урд, дорно зүгт Чидун уулан дээр гишгэнэ. Чидун уул зүүнээс баруун тийш өргөн хөндийгөөр голоороо хуваагдана. Тэгснээр уулын нэг тал нь умар зүг рүү, нөгөө тал нь өмнө зүг рүү нүүх болно. 5 Миний уулсын хөндийгөөр та нар зугтах болно. Учир нь уулсын хөндий нь Азелд хүрэх юм. Тийм ээ, та нар Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд тохиолдсон газар хөдлөлтөөс зугтсан шигээ зугтана. Тэгээд миний Бурхан ЭЗЭН ирэх бөгөөд бүх ариунтнууд Түүнтэй хамт байна.
6 Тэр өдөр гэрэл гэгээгүй болж, хүйтэн ч халуун ч байхгүй байна. 7 Өдөр ч, шөнө ч байхгүйгээрээ ЭЗЭНд танигдах ер бусын өдөр байх болно. Гэвч тэр үед үдшийн цагаар гэрэлтэй байх болно.
8 Тэр өдөр амийн ус Йерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис рүү, нөгөө хагас нь өрнийн тэнгис рүү чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.*
9 ЭЗЭН бүх дэлхийн хаан болж, тэр өдөр ЭЗЭН, зөвхөн Түүний нэр ганцаараа байх болно.
10 Гебагаас Йерусалимын өмнө орших Риммон хүртэлх бүх нутаг нь тал болон хувирах боловч Йерусалим өндийн, Бениамины гулдан хаалганаас Нэгдүгээр гулдан хаалганы газрын цаадах Булангийн гулдан хаалга хүртэл, Хананелын цамхгаас хааны усан үзмийн шахуурга хүртэл байран дээрээ үлдэнэ. 11 Хүмүүс тэнд амьдарч, тэнд цаашид хараал байхгүй болж, Йерусалим нь аюулгүй орших болно.*
12 Йерусалимын эсрэг тулалдах бүх ард түмнийг ЭЗЭНий цохих гай гамшиг нь ийм байна. Тэд хөл дээрээ зогссоор атал бие махбод нь ялзарч, ухархайдаа нүднүүд нь бээж, амандаа хэл нь өмхийрнө.
13 Тэр өдөр тэдний дээр асар их үймээн самуун ЭЗЭНээс бууж ирнэ. Тэд нэг нэгнийгээ баривчлан, нэгийнх нь гар нөгөөгийнхөө гарын эсрэг далайна. 14 Иуда ч Йерусалимд дайтна. Хүрээлэн буй бүх үндэстнүүдийн эд баялаг болох алт, мөнгө, хувцас хунар асар ихээрээ цуглана. 15 Мөн энэ гамшигтай адилхан гамшиг нь морь, луус, тэмээ, илжиг, бүх мал дээр бууж эдгээр хуарангуудын бүх амьтан дээр байна.
16 Йерусалимыг довтлохоор ирсэн бүх үндэстний үлдсэн хүн болгон нь жил бүр ирж, түг түмдийн ЭЗЭН, Хаанд мөргөн, Майхан баярыг тэмдэглэнэ.* 17 Түг түмдийн ЭЗЭН, Хаанд мөргөхөөр Йерусалимд ирдэггүй газар дэлхийн ямар ч бүл дээр бороо хургүй байх болно. 18 Хэрэв Египетийн гэр ирэхгүй, оролцохгүй бол тэдний дээр бороо хур орохгүй юм. Майхан баярыг тэмдэглэхээр ирдэггүй үндэстнүүдийг цохих ЭЗЭНий гамшиг нь энэ байх юм. 19 Майхан баярыг тэмдэглэхээр ирдэггүй бүх үндэстний шийтгэл болон Египетийн шийтгэл нь ийм байх юм.
20 Тэр өдөр морьдын хонхнууд дээр “ЭЗЭНД АРИУН” гэж сийлэгдсэн байх болно. ЭЗЭНий өргөөн дэх хоолны тогоонууд нь тахилын ширээний өмнөх хулнууд мэт байна. 21 Йерусалим болон Иуда дахь сав суулга бүр нь түг түмдийн ЭЗЭНд ариун байх болно. Тахил өргөгчид бүгдээрээ ирж тэднийг аваад, дотор нь өргөлөө чанана. Тэр өдөр түг түмдийн ЭЗЭНий өргөөнд наймаачидa цаашид байхаа болино.


  • 14:8 Езк 47:1; Иох 7:38; Илч 22:1
  • 14:11 Илч 22:3
  • 14:16 Лев 23:39–43
  • a14:21 эсвэл канаанчууд. Тухайн үед канаанчууд худалдаа эрхлэх нь түгээмэл байсантай холбоотойгоор эх бичвэрт канаанчууд гэдэг үгийг хэрэглэсэн байх боломжтой.