Дүр эсгэсэн мацгийг буруушаав

7 1 Дариус хааны дөрөвдүгээр оны Хислев хэмээх есдүгээр сарын дөрвөнд ЭЗЭНий үг Зехариад ирлээ. 2 Бетелийнхэн ЭЗЭНий тааллыг эрэхээр Шарезер, Регем-Мелех нарыг хүмүүсийнх нь хамт илгээв. 3 Тэд түг түмдийн ЭЗЭНий өргөөнд харьяалагддаг тахилч нар болон эш үзүүлэгчдэд хандан
—Би энэ олон жилүүдэд үйлдэж ирсэн шигээ өөрсдийгөө зориулж, тавдугаар сард мацаглан уйлах уу? гэв. 4 Түг түмдийн ЭЗЭНий үг надад ирж
5 Энэ газрын бүх ард түмэнд болон тахилч нарт хэл. “Та нар эдгээр далан жилд тав, долдугаар сард мацаг барин гашуудахдаа үнэхээр Миний төлөө мацаг барьсан юм гэж үү? 6 Идэж уух үедээ та нар өөрийнхөө төлөө идэж, өөрийнхөө төлөө уудаггүй гэж үү? 7 Йерусалим оршин суугчидтай байж, эргэн тойрных нь хотууд хөгжин цэцэглэж, Негев ба уулсын бэлээр ч хүн амьтантай байх үед эртний эш үзүүлэгчдээр ЭЗЭНий тунхагласан үгс нь эдгээр биш гэж үү?” гэв.

Эсэргүүцлийн шийтгэл

8 Тэгээд ЭЗЭНий үг, Зехариад ирж
9 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдсан. “Үнэн шударга ёсыг дэлгэрүүлэн, хүн бүр өөрийн ах дүүст энэрэл хайр ба өрөвч сэтгэлээр хандагтун. 10 Бэлэвснийг болон өнчнийг, цагаач хүнийг болон ядууг бүү дарла. Нэг нэгнийхээ эсрэг, зүрхэндээ мууг бүү төлөвлө” гэв.
11 Гэвч тэд анхаарч үзэхээс татгалзан, зөрүүдлэн эргэж, сонсохгүйгээр чихээ тагласан юм. 12 Өөрсдийн зүрхийг тэд цахиур мэт болгосон учраас, түг түмдийн ЭЗЭН Өөрийн Сүнсээр эртний эш үзүүлэгчдээр дамжуулан илгээсэн хууль болон үгсийг тэд сонсож чадаагүй. Иймд түг түмдийн ЭЗЭНээс үлэмжийн их уур хилэн ирсэн билээ. 13 “Түүнийг дуудахад тэд сонсоогүй шиг тэднийг дуудахад нь Би сонсохгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. 14 “Харин Би тэднийг салхи шуурганы хамт тэдний мэдэхгүй бүх үндэстний дунд тараан цацна. Тиймээс газар нутаг нь тэдний ард эзгүйрэн хоосорч, хойш урагш нэг ч хүн явахгүй. Юу гэвэл тэд тааламжит газрыг хоосруулсан юм” гэв.