Дөрөв дэх үзэгдэл: Иошуа ба Сатан

3 1 Дараа нь тэр надад ЭЗЭНий тэнгэрэлчийн өмнө зогсож буй тэргүүн тахилч Иошуаг болон түүнийг буруутгахаар баруун гар талд нь зогсож буй Сатаныг үзүүлэв.* 2 ЭЗЭН, Сатанд
—Сатан аа! ЭЗЭН чамайг буруушааж байна. Үнэхээр Йерусалимыг сонгосон ЭЗЭН, чамайг буруушааж байна. Энэ хүн бол галаас авагдсан цуцал бус уу? гэв.* 3 Иошуа бузар хувцас өмссөн байх бөгөөд тэнгэрэлчийн өмнө зогсож байв. 4 Тэнгэрэлч өөрийнхөө өмнө зогсогчдод хандан
—Түүнээс бузар хувцсыг нь тайлан ав гээд түүнд дахин
—Би чиний хилэнц бурууг чамаас авч, ёслолын дээлээр чамайг хувцаслана, хартугай гэв. 5 Дараа нь би
—Түүний толгой дээр тэд цэвэр малгай тавиг гэсэнд тэд ЭЗЭНий тэнгэрэлчийг зогсож байх зуур түүний толгой дээр цэвэр малгай тавьж, түүнд хувцас өмсгөв.
6 ЭЗЭНий тэнгэрэлч, Иошуад бат сануулан
7 Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Хэрэв чи Миний замаар алхаж, Миний үйлчлэлийг гүйцэтгэвэл чи Миний гэрийг захирч, Миний хашааг хариуцах болно. Энд зогсогчдын дунд чөлөөтэй орох эрхийг Би чамд соёрхоно. 8 Одоо сонсогтун. Тэргүүн тахилч Иошуа чи болон чиний өмнө сууж буй найз нар бол үнэхээр бэлгэдэл болох хүмүүс юм. Үзэгтүн, Мөчир болох Өөрийн зарцыг Би авчрах гэж байна.* 9 Иошуагийн өмнө Миний тавьсан чулууг үзэгтүн. Тэр чулуу долоон нүдтэй. Үзэгтүн, Би түүн дээр бичээс сийлнэ” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад “Ганц өдрийн дотор тэр газрын хилэнцийг Би зайлуулна. 10 Тэр өдөр танай хүн нэг бүр хөршөө өөрийн усан үзмийн мод, инжрийн модны доор суулгахаар урих болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна гэв.*


  • 3:1 Езр 5:2; Илч 12:10
  • 3:2 Иуд 9
  • 3:8 Иер 23:5, 33:15; Зех 6:12
  • 3:10 Мик 4:4