Найм дахь үзэгдэл: Дөрвөн тэрэг

6 1 Би дахин нүдээ өргөн харвал, хоёр уулын хоорондоос дөрвөн тэрэг урагшлан гарч ирэх нь үзэгдэв. Уулс нь хүрэл уулс аж. 2 Эхний тэргэнд улаан морьд, хоёр дахь тэргэнд хар морьд,* 3 гурав дахь тэргэнд цагаан морьд, дөрөв дэх тэргэнд цоохор морьд хөллөсөн аж. Тэд хүчирхэг морьд байлаа.* 4 Тэгээд би надтай ярилцаж байсан өнөөх тэнгэрэлчид хандан
—Эзэн минь, эдгээр нь юу вэ? гэсэнд 5 тэнгэрэлч надад хариулан
—Эдгээр нь бүх л дэлхийн Эзэний өмнөөс гарч ирж буй тэнгэрийн дөрвөн салхи юм.* 6 Хар морьдтой нь умардын орон руу хөдөлж, цагаанууд нь тэдний араас урагшлах үед цоохрууд нь өмнөдийн орон руу хөдөлнө гэв. 7 Эдгээр хүчтэнүүд гарч ирээд, дэлхий даяар аялан явахаар тэмүүлж байлаа. Тэр
—Явцгаа, дэлхий даяар аялагтун гэсэнд тэд дэлхий даяар явцгаав. 8 Дараа нь тэр над руу хашхирч, надад хандан
—Харагтун, умардын орон руу явагчид нь умардын оронд хандсан уур хилэнг минь тайтгаруулав гэв.

Титэмлэгч Мөчир

9 ЭЗЭНий үг надад ирж айлдсан нь
10 Цөлөгдөгсдөөс буюу Вавилоноос ирсэн Хелдаи, Тобиа, Иедаиа нараас өргөл ав. Тэр өдрөө чи явж Зефаниагийн хөвгүүн Иосиагийн гэрт оч. 11 Мөнгө, алт авч титэм урлаад Иехозадакийн хөвгүүн, тэргүүн тахилч Иошуагийн толгойд өмсгөгтүн. 12 Тэгээд түүнд “Түг түмдийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. Мөчир хэмээх нэртэй хүнийг үзэгтүн. Тэрээр байгаа газраасаа нахиалдаг. Тэр ЭЗЭНий сүмийг барих болно. * 13 Тэр хүн л ЭЗЭНий сүмийг барих юм. Тэрээр хүндлэлийг хүртэж, Өөрийн сэнтий дээр захирна. Өөрийнхөө сэнтий дээр тахилч болж, хоёр талын хооронд энхийн зөвлөл болох юм” хэмээн хэл гэв.
14 Титэм нь Хелем, Тобиа, Иедаиа болон Зефаниагийн хөвгүүн Хенд ЭЗЭНий сүм дэх сануулга болно. 15 Алс холын хүмүүс ирж ЭЗЭНий сүмийг босгоно. Тийнхүү намайг та нар луу түг түмдийн ЭЗЭН илгээснийг та нар мэдэх болно. Та нар Бурхан ЭЗЭНийгээ дуулгавартай дагавал энэ нь биелэх болно.


  •  6:2 Илч 6:4–5
  • 6:3 Илч 6:2
  • 6:5 Илч 7:1
  • 6:12 Иер 23:5, 33:15; Зех 3:8