Израилын дайснуудыг шүүх нь

9 1 Хадрахын нутгийн эсрэг ЭЗЭНий хэлсэн айлдвар. Энэ үг Дамаск дээр буух болно. Хүмүүсийн нүд, ялангуяа Израилын бүх овгийн нүд ЭЗЭН рүү чиглэнэ.**

2 Түүнтэй хиллэдэг Хамат болон
Тун ухаантай Тир, Сидоны эсрэг байна.
3 Тир өөртөө бэхлэлт босгон, мөнгийг шороо мэт,
Алтыг гудамжны тоос мэт овоолно.
4 Үзэгтүн, Эзэн түүнээс эзэмшлийг нь аван,
Эд баялгийг нь далайд хаяна.
Тэр галд шатаагдана.

5 Ашкелон үүнийг хараад айх болно.
Газ өвчиндөө шаналан зовно,
Екрон ч бас зовно.
Учир нь найдвар нь тасарчээ.
Газаас хаан нь устаж,
Ашкелонд хүн суурьшихаа болино.*
6 Ашдодод эрлийзүүд суурьшина,
Филистчүүдийн бардамналыг Би тастана.
7 Би тэдний амнаас цусыг нь,
Шүдэн завсраас нь жигшмээр юмсыг нь зайлуулна.
Тэд бас манай Бурханы хувьд үлдэгсэд,
Иудагийн нэгэн овог мэт байна.
Екрон нь иебусчуудa шиг болно.
8 Гэвч цэргүүд болон үүгээр өнгөрөн буцагчаас
Би Өөрийн өргөөг хамгаалан хүрээлнэ.
Би Өөрийн мэлмийгээр харсан учир
Ямар ч дарлагч дахин тэдний дээгүүр гарахгүй.

Айсуй Удирдагч

9 Сион охин минь, үлэмж ихээр баярлагтун!
Йерусалим охин минь,
Ялалтын уухай хадаагтун!
Үзэгтүн, хаан чинь чам руу очиж байна.
Тэр бол зөвт, ялагдашгүй,
Тэрээр даруухнаар илжиг унажээ.
Илжигний төл болох дудран унажээ.*
10 Би Ефраимаас тэргийг нь,
Йерусалимаас морийг нь тастана.
Дайны нум тастуулна.
Тэр үндэстнүүдэд амар тайвныг тунхаглаж,
Түүний ноёрхол тэнгисээс тэнгис,
Евфратаас газрын мухарт хүртэл орших болно.*

11 Мөн чиний хувьд ч гэсэн,
Миний гэрээний цус чамтай хамт байгаа учир
Би чиний хоригдлуудыг усгүй нүхнээс чөлөөлнө.*
12 Найдварын хоригдлууд аа!
Бэхлэлт рүү буцагтун.
Би чамд хоёр дахин ихийг сэргээнэ гэдгээ
Яг энэ өдөр Би тунхаглаж байна.
13 Иудаг Би Өөрийн нум болгон татаж,
Нумаа Ефраимаар дүүргэнэ.
Грек ээ! Чиний хөвгүүдийн эсрэг
Сион чиний хөвгүүдийг Би турхирна.
Би чамайг дайчны илд мэт болгоно.

14 Тэгээд ЭЗЭН тэдний дээр үзэгдэн,
Түүний сум аянга мэт харвана.
Эзэн БУРХАН бүрээгээ үлээж,
Өмнөдийн хүчит шуурганаар давшина.
15 Түг түмдийн ЭЗЭН тэднийг хамгаална.
Тэд цөлмөн, дүүгүүрийн чулуун дээр дэвсэлнэ.
Тэд ууцгааж, дарс мэт шуугих болно.
Тэд тахилын тогоо мэт дүүргэгдэж,
Тахилын ширээний өнцгүүд мэт норно.

16 Тэдний Бурхан ЭЗЭН тэр өдөр тэднийг
Өөрийн ард түмний сүрэг шиг аврах болно.
Учир нь тэд титмийн чулуу мэт
Түүний нутагт гялалзах болно.
17 Юутай сайхан, юутай үзэсгэлэнтэй байх бол!
Үр тариа залуусыг хөгжөөж,
Шинэ дарс онгон охидыг баясгана.


  •  9:1 Иса 17:1–3; Иер 49:23–27; Амо 1:3–59:1–4 Иса 23:1–18; Езк 26:1—28:26; Иое 3:4–8; Амо 1:9–10; Мт 11:21–22; Лк 10:13–14
  • 9:5–7 Иса 14:29–31; Иер 47:1–7; Езк 25:15–17; Иое 3:4–8; Амо 1:6–8; Зеф 2:4–7
  • a9:7 иебусчууд: Давид хаан Йерусалим хотыг эзэлж аваад харьяатаа болгосон тус хотын уугуул иргэд.
  • 9:9 Мт 21:5; Иох 12:15
  • 9:10 Дуу 72:8
  • 9:11 Гэт 24:8