Зургаа дахь үзэгдэл: Нисэж буй хуйлмал ном
5 1 Тэгээд би дахин нүдээ өргөн харвал, үзэгтүн, нисэж буй хуйлмал байлаа. 2 Тэр надад
—Чи юу харав? гэсэнд би хариуд нь
—Би нисэж буй хуйлмал харж байна. Урт нь хорин тохой, өргөн нь арван тохой юм гэв. 3 Тэр надад
—Тэр бол бүхий л газрын гадаргуу дээгүүр урагшлагч хараал юм. Хуйлмал номын нэг тал дээр нь бичигдсэний дагуу хулгай хийдэг хүн бүр таслагдана. Нөгөө тал дээр нь бичигдсэний дагуу тангараг тавьдаг хүн бүр таслагдана. 4 Би түүнийг явуулсан гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад
—Энэ хараал нь хулгайчийн гэрт болон Миний нэрээр хуурамч тангараг тавьдаг хүний гэрт нэвтэрнэ. Тэгээд уг гэрийн дотор шөнөжин байж, тэр гэрийг чулуу, яс модтой нь цуг түймэрдэнэ гэв.
Долоо дахь үзэгдэл: Сагсан дахь эмэгтэй
5 Тэгээд надтай ярилцаж байсан тэнгэрэлч гарч яван, надад
—Одоо нүдээ өргөгтүн. Урагшилж буй тэр юу болохыг харагтун гэлээ. 6 Би
—Энэ юу вэ? гэсэнд тэр
—Нэг сагс гарч ирж байна гээд дахин
—Энэ бол бүх газар дахь тэдний дүр төрх юм гэв. 7 Үзэгтүн, тугалган бүтээлэг өргөгдөхөд сагсан дотор нэгэн эмэгтэй сууж байлаа. 8 Тэр
—Энэ бол гэм буруу юм гээд өнөөх эмэгтэйг доош сагсны гол руу чулуудаж, сагсны амыг тугалгаар таглаж битүүлэв.
9 Дараа нь би нүдээ өргөн хартал, тэнд далавчаараа салхи татуулан ирж буй хоёр эмэгтэй байв. Тэд өрөвтасын далавч мэт далавчтай аж. Тэд сагсыг газар тэнгэрийн хооронд өргөлөө. 10 Надтай ярилцаж байсан тэнгэрэлчид хандан би
—Тэд сагсыг хаана аваачих вэ? гэсэнд 11 тэрээр надад
—Шинарын газарт үүнд зориулан сүм барих юм. Тэр нь бэлэн болмогц тэнд суурин дээр нь байрлуулна гэв.