Гурав дахь үзэгдэл: Хэмжүүр барьсан хүн
2 1 Дараа нь би нүдээ өргөн хартал, гартаа хэмжүүр барьсан хүн байв. 2 Тэгэхэд нь би
—Та хаашаа явж байна вэ? гэсэнд тэр надад
—Йерусалимыг хэмжиж, хэр урт, хэр өргөн болохыг нь үзнэ гэв. 3 Үзэгтүн, надтай ярилцаж байсан өнөөх тэнгэрэлч явахад, өөр нэг тэнгэрэлч түүнтэй уулзахаар ирж, 4 түүнд
—Гүй, тэр залуутай ярьж, “Доторх хүн, мал нь олширсноос болж Йерусалим нь хана хэрэмгүй суурин мэт болно” гэж хэл. 5 ЭЗЭН тунхаглаж байна. “Би хотыг хүрээлсэн галт хана болно. Би түүний дундах алдар нь байх болно” гэв.
Завсарлага: Цөлөгдөгсдөд хандах уриа
6 “Хүүе! хүүе! Умардын газраас зугтагтун” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би та нарыг тэнгэрийн дөрвөн салхи мэт тараасан” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 7 “Бос, Сион оо! Вавилоны охинтой хамт амьдрагч та нар зугтан зайлагтун.” 8 Түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. Та нарыг дээрэмдсэн үндэстнүүдийн эсрэг цог жавхлангийн дараа Тэр намайг илгээсэн юм. “Та нарт хүрэх нь Миний нүдний цэцгийд хүрэхтэй адил. 9 Үзэгтүн, Би тэдний дээгүүр нударгаа далайна. Тэгснээр тэд боолуудынхаа олз нь болох юм” гэсэн. Тийнхүү та нар түг түмдийн ЭЗЭН л намайг илгээснийг мэдэх болно. 10 “Сион охин оо! Баярлан дуулж, баясагтун. Үзтүгэй, Би ирж байна. Би чиний дотор орших болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 11 “Тэр өдөр олон үндэстэн ЭЗЭНтэй нэгдэж, Миний ард түмэн болно. Тэгээд Би чиний дунд оршино” гэв. Ийнхүү түг түмдийн ЭЗЭН л чам руу намайг илгээснийг чи мэдэх болно. 12 ЭЗЭН, Иудаг ариун газар дахь Өөрийн хувь мэт эзэмшиж, Йерусалимыг дахин сонгож авна. 13 ЭЗЭН ариун оршихуйгаасаа бослоо. Махбодтой бүхэн Түүний өмнө дуугүй байгтун.