13 1 Тэр өдөр Давидын гэрийн төлөө, Йерусалимын оршин суугчдын төлөө нүгэл, бузартлыг цэвэрлэхийн төлөө нэгэн ундарга нээгдсэн байх болно.
Шүтээнийг таслахуй
2 “Тэр өдөр ийм зүйл болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад “Би шүтээнүүдийн нэрсийг тэр нутгаас тастах болно. Тэд цаашид дурсагдахгүй. Би эш үзүүлэгчдийг мөн бузар сүнсийг тэр нутгаас зайлуулна. 3 Ийн атал хэрэв хэн нэгэн нь эш үзүүлсээр байвал, төрүүлсэн эцэг эх нь түүнд «Чи амьд байхгүй. Учир нь чи ЭЗЭНий нэрээр худал ярьсан» гэх болно. Төрүүлсэн эцэг эх нь түүнийг эш үзүүлж байх үед нь нэвт хатгана.
4 Тэр өдөр эш үзүүлэгчид эш үзүүлэхдээ үзсэн үзэгдлээсээ болж ичиж, хууран мэхлэхийн тулд хялгасан нөмрөг өмсдөгөө болино. 5 Харин тэр «Би эш үзүүлэгч биш. Би газар хагалагч хүн, хар багаасаа л газрын амьтан байсан билээ» гэнэ. 6 Нэг нь түүнд «Чиний гарын хооронд буй эдгээр шархнууд нь юу вэ?» гэхэд тэр «Эдгээр нь намайг хайрлагсдын гэрт миний олсон шархнууд юм» гэнэ.”
Хоньчинг цохино, хоньд бутарна
7 Илд ээ! Миний хоньчны эсрэг,
Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн гэж
Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.
“Хоньчингa цохигтун
Тэгвэл хонин сүрэг тарж бутарна.
Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.*
8 Энэ нь бүх газарт тохиолдох болно” гэж ЭЗЭН тунхаглаад
“Үүний доторх гуравны хоёр нь таслагдан сүйрнэ.
Харин гуравны нэг нь дотроо үлдэх болно.
9 Гуравны нэгийг нь Би гал дундуур гарган,
Мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж,
Алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана.
Тэд Миний нэрийг дуудаж,
Би тэдэнд хариулах болно.
«Тэд бол Миний ард түмэн» гэж Би хэлнэ.
«ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ” гэв.
- a13:7 хоньчин: 11:4 үз.
- 13:7 Мт 26:31; Мк 14:27