Йерусалимын ялалт
12 1 Израилын талаарх ЭЗЭНий айлдвар. Тэнгэрийг дэлгэж, дэлхийн суурийг тавьж, хүний сүнсийг дотор нь бий болгодог ЭЗЭН тунхаглаж байна. 2 “Үзэгтүн, Би Йерусалимыг эргэн тойрны бүх ард түмнүүдийг эргэлдүүлэх аяга болгоно. Йерусалимыг бүслэх цагт энэ нь мөн Иудагийн эсрэг байх болно. 3 Тэр өдөр Би Йерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно. Үүнийг өргөх хүн бүхэн хүнд бэртэх болно. Дэлхийн бүх үндэстнүүд үүний эсрэг цугларна. 4 Тэр өдөр Би бүх хүлэг морьдыг самууруулан, морьтнуудыг нь галзууруулна. Харин ард түмнүүдийн морь бүрийг сохлон цохих зуур Би Иудагийн гэрийн дээгүүр харуулдах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 5 Иудагийн тэргүүлэгчид зүрхэндээ “Йерусалимын оршин суугчид нь тэдний Бурхан, түг түмдийн ЭЗЭНээр дамжуулан бидэнд хүчирхэг тусламж болдог” гэлцэнэ.
6 Тэр өдөр Би Иудагийн тэргүүлэгчдийг зэрэглэсэн модон дундах галт тогоо мэт, юүжилсэн тариан дундах галт бамбар мэт байлгана. Тэд баруун, зүүн гар дахь эргэн тойронд буй бүх ард түмнүүдийг түймэрдэх зуур Йерусалимын оршин суугчид төрөлх хотдоо дахин суурьшина.
7 Давидын гэрийн алдар, Йерусалимын оршин суугчдын алдар нь Иудагаас өндөрт өргөгдөхгүй байхын тулд эхлээд Иудагийн майхнуудыг ЭЗЭН аварна. 8 Тэр өдөр Йерусалимын оршин суугчдыг ЭЗЭН хамгаална. Тэдний дундах дорой нэг нь тэр өдөр Давид мэт болж, Давидын гэр нь Бурхан мэт, тэдний өмнө ЭЗЭНий тэнгэрэлч мэт байх болно. 9 Тэр өдөр Би Йерусалимын эсрэг ирэх бүх үндэстнийг устгахыг эрмэлзэнэ.
Жадалсан Нэгэнийхээ төлөө харуусна
10 Би нигүүлслийн бас гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр, Йерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд өөрсдийнхөө жадалсан Намайг харах болно. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно.** 11 Тэр өдөр Йерусалимд асар их гашуудал болох нь Мегиддогийн тал дахь Хададриммоныa гашуудал мэт байх юм. 12 Газар нутаг гашуудан, ураг бүр урагтаа, Давидын гэрийн ураг ч тэндээ, эхнэрүүд нь ч өөрсөд дундаа, Натаны гэрийн ураг ч урагтаа, тэдний эхнэрүүд нь өөрсөд дундаа, 13 Левийн гэрийн ураг урагтаа, эхнэрүүд нь ч өөрсөд дундаа, Шимеигийн ураг ч урагтаа, тэдний эхнэрүүд нь ч өөрсөд дундаа, 14 үлдсэн бүх ургууд, ураг бүр урагтаа, эхнэрүүд нь ч өөрсөд дундаа гашуудна.
- 12:10 Иох 19:37; Илч 1:7
- 12:10–14 Мт 24:30; Илч 1:7
- a12:11 Хададриммон: Канаан, Сири нутгийнхны шүтдэг ургамлын бурхны нэр бололтой. Жил бүр ургамал хагдрах үеэр энэ бурхан бас үхдэг гэж үздэг мөргөлчид нь түүний үхлийн улмаас гашууддаг зан үйлтэй байжээ.