Зехариа номыг ерөнхийд нь Йерусалим хотын сэргэлт, ЭЗЭНий өргөөг дахин босгох үйлс, Бурханы ард түмний ариусал болон Мессиагийн үе ирэх тухай зэрэг эш үзүүллэгүүд буюу МЭӨ 520–518 онд хамааруулах эш үзүүллэгүүд; (1–8-р бүлэг) мөн ирэх учиртай Мессиа ба эцсийн шүүлтийн тухай өгүүлсэн нь (9–14-р бүлэг) гэсэн хоёр хэсэгт хуваан үздэг билээ.
Израилыг гэмшилд дуудав
1 1 Дариусын хоёрдугаар оны наймдугаар сард ЭЗЭНий үг Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн, эш үзүүлэгч Зехариад ирж, айлдсан нь*
— 2 ЭЗЭН танай өвөг дээдэст ихэд хилэгнэсэн. 3 Тиймээс тэдэнд хэл. “Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдлаа. «Над руу эргэгтүн хэмээн түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. Тэгвэл Би та нар луу эргэх юм» гэж түг түмдийн ЭЗЭН айлдлаа. 4 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эртний эш үзүүлэгчид та нарын өвөг дээдэст ‘Та нар ёрын муу замаасаа бас ёрын муу үйлсээсээ эргэгтүн хэмээн ЭЗЭН айлдаж байна’ гэж зарласан боловч тэд Намайг сонсоогүй, анхаараагүй. Тэрхүү өвгөдийнхөө адил бүү байгтун» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 5 Эцэг өвгөд чинь хаа байна? Эш үзүүлэгч нар мөнх амьдардаг биш дээ. 6 Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үг, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тиймээс тэд гэмшин «Бидний зам мөр, бидний үйлсийн дагуу хандана хэмээн төлөвлөсөн ёсоороо түг түмдийн ЭЗЭН маань бидэнд ханджээ» гэж хэлцгээсэн” гэв.
Эхний үзэгдэл: Морьтой хүн
7 Дариусын хоёрдугаар онд, Шебат сар буюу арван нэгдүгээр сарын хорин дөрөвний өдөр ЭЗЭНий үг нь Иддогийн ач, Берехиагийн хөвгүүн эш үзүүлэгч Зехариад ирсэн нь энэ билээ.
8 Би шөнөөр үзэв. Үзэгтүн, улаан морь унасан хүн байсан бөгөөд хавцал дахь гавирт моддын дунд зогсож байв. Түүний ард улаан, хээр, цагаан морь байв.* 9 Би
—Эзэн минь, эдгээр нь юу вэ? хэмээсэнд надтай ярилцаж байсан тэнгэрэлч надад
—Эдгээр нь юу болохыг би чамд үзүүлье гэв. 10 Гавирт моддын дунд зогсож байсан өнөөх хүн
—Эдгээрийг дэлхий даяар явуулахаар ЭЗЭН илгээсэн юм хэмээн хариулав. 11 Гавирт моддын дунд зогсож байсан, ЭЗЭНий тэнгэрэлчид хандан тэд
—Бид дэлхий даяар явлаа. Үзэгтүн, бүх дэлхий амар тайван, нам гүм байна гэж хариулав. 12 Дараа нь ЭЗЭНий тэнгэрэлч
—Түг түмдийн ЭЗЭН! Энэ далан жилийн туршид зэвүүцэгдсэн Йерусалим мөн Иудагийн хотуудыг Та хэдий болтол өрөвдөхгүй байх юм бэ? гэсэнд 13 надтай ярилцаж байсан мөнөөх тэнгэрэлчид ЭЗЭН сайн үг ба тааламжит үгээр хариулав. 14 Ингээд надтай ярилцаж байсан тэнгэрэлч, надад хандан
—Ингэж зарлагтун. Түг түмдийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би Йерусалим ба Сионыг үнэхээр хардаж харамладаг. 15 Харин маадгар байгаа үндэстнүүдэд Би маш ихээр уурсаж байна. Учир нь Намайг өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар муугийн гар хөл болжээ.” 16 Иймээс ЭЗЭН айлдаж байна. “Би өрөвдөн Йерусалим руу эргэж ирсэн учир Миний өргөө тэнд босгогдох болно. Хэмжүүр шугам Йерусалимын дээгүүр татагдах болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. 17 “Дахин ингэж зарлагтун. Түг түмдийн ЭЗЭН тунхагласан. Миний хотууд дахин хөгжил цэцэглэлтээр бялхана. ЭЗЭН Сионыг дахин тайтгаруулж, Йерусалимыг дахин сонгоно” гэв.
Удаах үзэгдэл: Эвэр ба дархчууд
18 Тэгээд би нүдээ өргөн хартал дөрвөн эвэр байв. 19 Надтай ярилцаж байсан тэнгэрэлчид хандан би
—Эдгээр нь юу вэ? гэсэнд тэр надад
—Эдгээр нь Иуда, Израил, Йерусалимыг тараасан эврүүд юм гэж хариулав. 20 Дараа нь ЭЗЭН надад дөрвөн дархныг үзүүлэв. 21 Би
—Эдгээр нь юу хийхээр ирж байна вэ? гэсэнд тэр
—Тэр эврүүд Иудаг тарааж, хэн ч толгой өндийхөөргүй болгосон. Харин Иудагийн эсрэг газар нутгийг нь тараах гэж эврээ өргөгч үндэстнүүдийн эврүүдийг зайлуулж, тэднийг айлгахаар эдгээр дархчууд ирсэн гэлээ.
- 1:1 Езр 4:24—5:1, 6:14
- 1:8 Илч 6:2–8