Коринт хотноо байгуулсан чуулганд нь гарсан христитгэл, христэч амьдралтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхээр Паул энэ захидлыг бичжээ. Тухайн үед Коринт нь Ромын харьяат Ахай мужийн төв, элдэв үзэлтэн дүүрсэн грек хот байсан агаад худалдаа хөгжиж, урлаг соёлоороо гайхуулсан ч ёс суртахуун гажуудаж, аливаа шашин суртал дэлгэрсэн газар байв.
Коринт чуулганд үүссэн хагарал болон ёс суртахууны гажуудалд Паул зовниж, улмаар бэлгийн харилцаа ба гэрлэлт, мөс чанарын асуудал, чуулганы дэг жаяг, Ариун Сүнсний бэлэг, амиллын тухай асуудлуудад сайнмэдээ хэрхэн хариулж буйг сэтгэлийн гүнээс өгүүлжээ.
Бурханаас хүмүүст өгсөн хамгийн агуу бэлэг болох хайрын тухай илэрхийлсэн 13-р бүлэг нь энэ номын олонд хамгийн их танигдсан хэсэг юм.

Мэндчилгээ

1 1 Бурханы хүслээр Христ Есүсийн элч байхаар дуудагдсан Паул би болон бидний дүү Состеноос 2 Коринт дахь Бурханы чуулганд болон хаа сайгүй Эзэн Есүс Христийн маань нэрийг дуудагчдын хамт ариун хүмүүс байхаар дуудагдаж, Христ Есүс дотор ариусгагдсан хүмүүст. (Эзэн бол тэднийх болон биднийх юм.)* 3 Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар амгалан нь та нарт байх болтугай.
4 Христ Есүсийн дотор та нарт өгөгдсөн Бурханы нигүүлслийн улмаас та нарын талаар би үргэлж Бурхандаа талархдаг. 5 Учир нь та нар аливаа үг, аливаа мэдлэгээр юм бүгдэд Түүний дотор баяжсан. 6 Та нарын дунд Христийн талаарх гэрчлэл батажсан учраас 7 бидний Эзэн Есүс Христийн илчлэлийг тэсэж ядан хүлээхдээ та нар ямар ч бэлгээр дутагдахгүй. 8 Тэр та нарыг Эзэн Есүс Христийн маань өдөр гэм зэмгүй байлгахаар төгсгөл хүртэл батжуулна. 9 Өөрийн Хүү, бидний Эзэн Есүс Христийн нөхөрлөлд та нарыг дуудсан Бурхан итгэмжит юм.

Чуулган дахь хагарал

10 Ах дүү нар аа, та нар бүгд адил юм ярьж, хоорондоо хагаралдалгүй, харин адил бодол, адил шүүлт дотор нэгдэн нягтрахыг бидний Эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйя. 11 Учир нь ах дүүс минь ээ, та нарын дунд мэтгэлцээн байгааг Хлоеныхноос надад дуулгасан. 12 Та нарын хүн нэг бүр чинь “Би Паулынх”, “Би Аполынх”, “Би Кефийнх”, “Би Христийнх” гэдэг учир би үүнийг ярьж байна.* 13 Христ хуваагдсан гэж үү?a Паул та нарын төлөө цовдлогдсон гэж үү? Эсвэл та нар Паулын нэрээр баптисм хүртсэн юм уу? 14 Крисп, Гаи хоёроос өөр та нарын хэнд чинь ч би баптисм хүртээгээгүйдээ [Бурханд] талархдагийн учир нь* 15 миний нэрээр баптисм хүртсэн гэж хэнийг ч хэлүүлэхгүй гэснийх юм. 16 Түүнчлэн Стефанагийн гэрийнхэнд бас баптисм хүртээсэн. Үүнээс өөр хэн нэгэнд баптисм хүртээсэн эсэхээ би мэдэхгүй.* 17 Учир нь Христ намайг баптисм хүртээлгэхээр бус харин Христийн загалмайг дэмий хоосон зүйл болгохгүйн тулд, үгийн мэргэн цэцнийг хэрэглэлгүй сайнмэдээг тунхаглуулахаар илгээсэн юм.

Христ бол Бурханы хүч ба мэргэн ухаан

18 Загалмайн тухай үг нь мөхөж буй хүмүүсийн хувьд мунхаглал бол аврагдаж буй бидний хувьд Бурханы хүч мөн. 19 Учир нь
“Би мэргэдийн мэргэнийг мөхөөж,
Ухаантнуудын ухааныг үгүй болгоно”
гэж бичигдсэн байдаг.* 20 Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү?* 21 Учир нь Бурханы мэргэн ухааны тухайд, ертөнц мэргэн ухаанаараа Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм. 22 Учир нь иудейчүүд нь тэмдэг шаардаж, грекчүүд нь мэргэн ухааныг хайдаг. 23 Бид харин цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ нь иудейчүүдэд бүдрүүлэх саад, харийнханд мунхаглал болдог бол 24 дуудагдсан иудей ба грекчүүдийн хувьд Христ нь Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан болдог юм. 25 Учир нь Бурханы мунхаглал хүмүүсээс илүү мэргэн, Бурханы мөхөсдөл нь хүмүүсээс илүү хүчирхэг юм.
26 Ах дүү нар аа, та нар дуудлагаа санагтун. Тэгэхэд махбод талаасаа мэргэн хүн олонгүй, хүчирхэг хүмүүс олонгүй, язгууртнууд ч олонгүй байлаа. 27 Харин Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мунхгийг сонгож, хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ. 28 Байгсдыг хүчингүй болгохын тулд энэ ертөнцийн дордсыг мөн гологдогсдыг буюу юу ч бишийг Бурхан сонгосон ажээ. 29 Ингэх нь Бурханы өмнө ямар ч махбодыг сайрхуулахгүйн тулд болой. 30 Түүний ачаар та нар Христ Есүс дотор байгаа бөгөөд Тэрээр бидэнд Бурханаас ирсэн мэргэн ухаан, зөвт байдал, ариусал ба золилт болсон юм. 31 Ингэснээр “Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг” гэж бичигдсэнчлэн байх аж.*


  • 1:2 Үйл 18:1
  • 1:12 Үйл 18:24
  • a1:13 Зарим гар бичмэлд: Христ хуваагдашгүй
  • 1:14 Үйл 18:8, 19:29; Ром 16:23
  • 1:16 1Ко 16:15
  • 1:19 Иса 29:14 (LXX)
  • 1:20 Иов 12:17; Иса 19:12, 33:18, 44:25
  • 1:31 Иер 9:24