Амьдрал бол утгагүй гэх дүгнэлтэд хүрсэн “номлогч” эрхэм, хүний амьдрал богинохон агаад зөрчил ихтэй, бас тайлбарлашгүй шударга бус явдал, гутралаар дүүрэн юм хэмээн бясалгаж, тэрхүү бодрол бясалгал нь энэ номд шингэжээ. Тэрээр хүний хувь заяаг барьж байдаг Бурханы замыг ойлгож чадаагүй авч хүмүүсийг хичээнгүй хөдөлмөрлөж, чадахынхаа хэрээр Бурханы бэлэгт баясаж амьдар хэмээн зөвлөжээ.
Номлогчийн ихэнх бодрол нь сөрөг, гутранги өнгө аястай харагддаг ч энэ мэт эргэлзээ гуньхралын мэдээг ч мөн багтааснаараа Библи дэх итгэл үнэмшил нь хэчнээн уудам болохыг харуулж байгаа юм. Олон хүн энэ номоос тайвшралыг олоод зогсохгүй амьдралын агуу утга учрыг бэлэглэдэг Бурханд найдах тухай илэрхийлж буй Библийн санааг ч мөн олж авдаг билээ.

Номлогч хааны эргэцүүлэл

1 1 Йерусалим дахь хаан, Давидын хүү, Номлогчийн үгс оршвой.

2 Номлогч,
“Хоосноос хоосонa агаад хоосны хоосон,
Бүгд хоосон ажээ” гэнэ.
3 Наран доор зүтгэх хүмүүний
Хамаг зүтгэл өөрт нь ямар ашигтай юм?
4 Нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр
Газар дэлхий эгнэгт байдгаараа л.
5 Нар мандсаар, бас жаргасаар
Манддаг тэр газрынхаа зүг яарсаар л.
6 Өмнө тийш үлээх салхи умар тийш эргэсээр
Өнөөх л салхи эргэлдэн эргэлдсээр
Өөрийнхөө тойрогт эргэж ирсээр
7 Далайд бүх гол цутгавч, далай эс дүүрнэ.
Дахин урсахаар гол ус эхэлсэн газар луугаа урссаар.
8 Хамаг юм ядаргаатай,
Хамж яриад барагдахгүй
Харавч нүд ханахгүй,
Чагнавч чих дүүрэхгүй.
9 Байсан юм бахь байдгаараа
Хийсэн юмаа хийдэг л хэвээрээ.
Наран доор нэг ч шинэ юм алга.
10 Хараач, энэ шинэ зүйл байна гэхээр юмс
Хаа нэгтээ байна уу?
Аанай л биднээс өмнөх
Аль эрт байсан л зүйл байна.
11 Өмнийнхөн дурсагдах нь үгүй
Хожмынхон ч дараагийнхандаа эс дурсагдана.

Мэргэн ухааныг хайх нь хоосон

12 Номлогч би Йерусалим дахь Израилын хаан байв. 13 Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн судлахын тулд би сэтгэл оюунаа зориулсан юм. Энэ бол Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн бэрх үүрэг аж. 14 Наран доор хийгддэг бүхнийг би үзвээс бүгд л хоосон агаад салхины араас хөөцөлдсөн хэрэг байх нь тэр.
15 Муруй нь тэгш болохгүй, нэгэнт үгүй юмыг тоолж чадахгүй.
16 Би дотроо “Йерусалимд надаас өмнө байсан бүх хүнээс ч илүү мэргэн ухааныг би арвижуулан нэмэгдүүлж, оюун бодлоороо би үлэмж мэргэн ухаан хийгээд мэдлэгийг олж авав” гэж хэллээ.* 17 Тэгээд мэргэн ухаан ба мунхаглал, солиорлыг танихад оюун бодлоо зориулж үзэв. Энэ нь мөн салхины араас хөөцөлдсөн хэрэг болохыг би танилаа.
18 Мэргэн ухаан их бөгөөс зовлон ихдэж, мэдлэг арвижих аваас шаналал нэмэгддэг ажээ.


  • a1:2 эсвэл утгагүй, ойлгогдошгүй
  • 1:16 1Ха 4:29–31