Израилын нүгэл ба олзлогдол
10 1 Израил усан үзмийн саглагар мод ажээ.
Тэрээр өөртөө үр жимсийг гаргадаг.
Жимс нь ихсэх тусам тэр
Улам олон тахилын ширээ хийв.
Газар нутаг нь элбэг дэлбэг болох тусам
Тэд ариун багануудаа сайжруулав.
2 Тэдний зүрх хуваагдсан.
Тэд одоо буруугаа үүрэх ёстой.
ЭЗЭН тэдний тахилын ширээнүүдийг нурааж,
Багануудыг нь эвдэх болно.
3 Үнэхээр одоо тэд
“Бид ЭЗЭНийг хүндэтгэдэггүй тул
Бидэнд хаан гэж алга.
Хаан байлаа ч бидний төлөө
Юу ч хийж чадах билээ?” гэх болно.
4 Хаад нь зөвхөн ярьдаг,
Хоосон тангараглан гэрээ байгуулдаг.
Тариан талбайн шан дахь хортой өвс адил
Шүүлт нь тийнхүү соёолж байдаг.
5 Самарийн иргэд Бет-Авеныa тугалаас айна.
Тэндхийн ард түмэн тэр шүтээнээс болж гашуудан,
Шүтээний тахилч нар түүний төлөө
Салж одсон алдрынхаа төлөө уйлалдах болно.
6 Тэр нь өөрөө алба гувчуур болж,
Ассири руу, Иареб хаанд аваачигдана.
Ефраим ичгүүрт баригдан,
Израил зөвлөгөөнөөсөө болж ичгүүрийг хүртэнэ.
7 Самари, усны мандал дээрх мөчир мэт
Хаантайгаа хамт тайрагдах болно.
8 Бас Израилын ёс бус нь болсон
Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно.
Тахилын ширээнүүд дээр нь сундуу, халгай ургана.
Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмрөөч” гээд,
Толгодод “Бидэн дээр унаач” хэмээн хэлэх болно.*
9 Израил аа, Гибеагийн өдрүүдээс эхлэн
Чи нүгэл үйлджээ.
Тэд тэндээ зогсжээ.
Хууль бус явдлын хөвгүүдийн эсрэг тулаан
Гибеад тэдэнтэй учрахгүй гэж үү?*
10 Хүссэн үедээ Би тэднийг гэсгээнэ.
Тэд давхар гэмийнхээ төлөө хүлэгдэх үед
Ард түмнүүд ч тэдний эсрэг цугларах болно.
11 Ефраим тариа цохих дуртай бяруу байлаа.
Харин Би сайхан хүзүүнд нь буулга тохно.
Би Ефраимыг хөллөж,
Иуда газар хагалж,
Иаков өөртөө борнойдох болно.
12 Зөвт байдлыг тариалж,
Хайр энэрлийг хурааж ав.
Боловсруулаагүй газраа хагал.
Учир нь ЭЗЭН, чиний дээр
Зөвт байдлыг асгахаар ирэх хүртэл
Түүнийг хайх цаг нь одоо билээ.*
13 Та нар гэм буруугийн газрыг хагалж
Шударга бусыг хурааж авсан.
Та нар худлын жимсийг идсэн.
Учир нь чи өөрийн зам,
Тоо томшгүй дайчдадаа итгэсэн.
14 Байлдааны өдөр Шалман нь Бет Арбелыг сүйтгэсэн шиг
Бөөн үймээн ард түмний чинь дунд дэгдэнэ
Бүх бэхлэлт чинь сүйтгэгдэнэ
Багачуудыг эхчүүдтэй нь хэмх чулуудна.
15 Бетел ээ, үлэмж хилэнцэт явдлын чинь улмаас
Энэ зүйлс та нарт үйлдэгдэх болно.
Үүрийн гэгээнээр Израилын хаан
Бүрэн устгагдсан байх болно.
- a10:5 Бет-Авен: Энэ нэр “нүглийн гэр” буюу “шүтээний өргөө” гэсэн утгатай агаад энэ хэсэг нь “Бурханы гэр” гэсэн утгатай Бетел хотыг хамаарч хэлэгджээ. Мөн Авен ч гэж нэрлэсэн байдаг. 4:15, 5:8 үз.
- 10:8 Лк 23:30; Илч 6:16
- 10:9 Шүү 19:1–30
- 10:12 Иер 4:3