Бурханы энэрэл ба Израилын зөрүүдлэл
11 1 Израилыг залуу байх үед
Би түүнийг хайрласан.
Хүүгээ Египетээс дуудан гаргасан.a*
2 Тэднийг дуудах тусам
Тэд Надаас улам холдсон.
Баалуудад тэд тахил өргөсөөр,
Шүтээнүүдэд утлага уугиулсаар байсан.
3 Ефраимд алхахыг зааж өгсөн нь Би билээ.
Би тэднийг мутартаа авсан.
Тэднийг эдгээснийг минь
Гэвч тэд мэдээгүй.
4 Би тэднийг хүмүүний оосроор,
Хайрын уяагаар татсан.
Би тэдний хувьд эрүүнээс нь буулгыг өргөдөг
Нэгэнтэй адил болсон.
Би тонгойж, тэднийг хооллосон.b
5 Тэд Египет газар луу эргэж явахгүй ч,
Над руу тэд эргэхээс татгалзсан учир
Ассири тэдний хаан байх болно.
6 Хотуудынх нь эсрэг илд эргэлдэж,
Хаалганых нь хөндлийг эвдэлнэ,
Зөвлөгөөнөөсөө болж тэд залгиулна.
7 Тийнхүү ард түмэн минь
Надаас урвах хандлагатай болсон.
Дээд нэгнийг тэд дуудавч
Тэр нь тэднийг өргөмжлөхгүй.c
8 Ефраим аа, Би чамайг
Яахан зөнд нь орхих билээ?
Израил аа, Би чамайг
Яахан дайсанд тушаах билээ?
Би чамайг яалаа гэж Адма шиг болгох билээ?
Би чамайг яалаа гэж Зебойим шиг болгох билээ?
Зүрх минь Миний дотор эргэж,
Хамаг л энэрэл минь буцалжээ.*
9 Би догшин уураа гүйцэлдүүлэхгүй.
Би дахин Ефраимыг сүйтгэхгүй.
Учир нь Би хүн бус, Бурхан.
Та нарын дунд буй Ариун Нэгэн.
Тиймээс Би хилэгнэл дотор ирэхгүй.
10 Тэд ЭЗЭНий араас алхах бөгөөд
Тэр арслан мэт архирах болно.
Үнэхээр Тэр архирч,
Хөвгүүд нь баруунтаагаас дагжсаар ирнэ.
11 Египетээс ирэх шувууд мэт,
Ассири газраас ирэх тагтаа мэт
Тэд дагжсаар ирэх болно.
Би тэднийг байшингуудад нь суулгана.
ЭЗЭН тунхаглаж байна.
12 Ефраим Намайг хуурмагаар,
Израилын гэр заль мэхээр хүрээлүүлж байна.
Иуда ч бас Бурханы эсрэг,
итгэмжит Ариун Нэгэнд дуулгаваргүй байна.d
- a11:1 эсвэл Египетийг орхисноос нь хойш Би түүнийг хүү минь гэж нэрлэсэн.
- 11:1 Гэт 4:22; Мт 2:15
- b11:4 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
- c11:7 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
- 11:8 Дх 29:23
- d11:12 эсвэл Харин Иуда Бурхантай алхсаар Ариун Нэгэнд итгэмжтэй байна.