Израилын нүглийн шийтгэл
9 1 Израил аа, та нар ард түмнүүдийн адил
Хөөр баярт бүү баяс!
Учир нь чи Бурханаа орхин завхайрсан.
Чи бүх л үтрэм дээр янхны хөлсийг хайрлав.
2 Үтрэм, дарс шахуурга тэднийг тэжээхгүй,
Шинэ дарс тэдэнд хүрэхгүй.
3 Тэд ЭЗЭНий газарт үлдэхгүй.
Ефраим Египет рүү буцан явна.
Ассирид тэд бузар хоол иднэ.
4 Тэд ЭЗЭНд дарс цутгахгүй
Тахилууд нь Түүнд таалагдахгүй.
Тахил идээ нь гашуудагсдын талх мэт агаад,
Түүнээс идэгчид бүгд бузарлагдах болно.
Талх нь тэдний амин хувийнх нь тул
ЭЗЭНий өргөөнд оруулахгүй.
5 Товлогдсон наадмууд болоод
ЭЗЭНий найрын өдөр
Та нар юу хийх вэ?
6 Харагтун, сүйрлээс болж тэд явцгаана.
Египет тэднийг цуглуулан авч,
Мемфис тэднийг булшилна.
Мөнгөн эрдэнэсийг нь хогийн ургамал эзэлж,
Майхнууд нь сундуугаар дүүрнэ.
7 Шийтгэлийн өдрүүд иржээ,
Хонзонгийн өдрүүд ч ирчихжээ.
Израил үүнийг мэдэг.
Эш үзүүлэгч мулгуу,
Сүнслэг хүн галзуу болов.
Учир нь та нарын гэмт үйлдэл үлэмж
Хонзогнол чинь агуу ажээ.*
8 Эш үзүүлэгч нь Бурхантай минь хамт
Ефраим нь харуул байсан.
Гэвч шувуу баригчийн урхи
Бүх замууд дээр нь байж,
Бурханых нь гэрт зөвхөн дайсагнал байна.
9 Гибеагийнa өдрүүдийнхтэй адил
Тэд завхралд гүн оржээ.
Тэрээр хилэнцийг нь санаж,
Нүглүүдийг нь шийтгэх болно.*
10 Би Израилыг цөл дэх усан үзэм мэт олсон.
Би өвөг дээдсийг чинь анхны улирал дахь инжрийн модон дээрх
Анхны жимс мэт харсан.
Гэвч тэд Баал-Пеорт ирж,
Өөрсдийгөө ичгүүрт зориулсан.
Хайрласан юмс шигээ жигшүүртэй болсон.*
11 Ефраимын хувьд, яруу алдар нь шувуу мэт нисэн одож,
Төрөлт, тээлт ч үгүй, жирэмслэлт ч үгүй болно!
12 Тэд хүүхдүүдээ өсгөх боловч
Тэнд хүнгүй болтол нь тэдэнд хагацал амсуулна
Тийм ээ, Би тэднээс сална.
Тэд мөн золгүй еэ!
13 Миний харснаар Ефраим,
Тиртэй адил үзэсгэлэнт нугад таригджээ.
Гэвч Ефраим хүүхдүүдээ алуурчинд гарган өгнө.
14 ЭЗЭН, Та өгөх юмаа тэдэнд өгөөч.
Үр тогтдоггүй умай, хар дэлэнг тэдэнд өгөөч.
15 Бүх бузар муу нь Гилгалд байна.
Би тэднийг тэнд үзэн ядсан.
Үйлсийнх нь булай муугаас болж
Би тэднийг гэрээсээ хөөж гаргана.
Би тэднийг цаашид хайрлахгүй.
Бүх ноёд нь тэрслэгчид юм.
16 Ефраим цавчигдсан.
Үндэс нь хувхайрч,
Тэд ямар ч жимс гаргахгүй.
Тэд төрлөө гэхэд
Би хэвлийнх нь хайртуудыг хөнөөнө.
17 Тэд Түүнийг сонсоогүй тул
Бурхан минь тэднийг зайлуулж
Тэд үндэстнүүдийн дундах
Тэнүүчлэгчид болох болно.
- 9:7 Лк 21:22
- a9:9 Гибеа: Бениамин овгийнхны хот бөгөөд энд нэгэн леви хүний татвар эхнэрийг хүчирхийлсэн хэрэг гарсны улмаас гарсан энэ овгийнхон дайнд бараг устах дөхөж байжээ. (Шүү 19–21-р бүлэг.)
- 9:9: Шүү 19:1–30
- 9:10 Тоо 25:1–5