Израил, Иудагийн шүүлт айсуй
5 1 Тахилч нар аа, үүнийг сонс,
Израилын гэр ээ, анхаарагтун,
Хааны гэр ээ, чих тавигтун,
Учир нь та нар шийтгүүлнэ.
Та нар Мизпа дахь урхи,
Таборын дээр дэлгэгдсэн тор
2 Тэрслэгчид завхралаараа гүн нүх ухжээ
Тэднийг Би бүгдийг нь шийтгэнэ.
3 Ефраимыг Би мэднэ
Израил Надаас нуугдаж чадахгүй.
Ефраим аа, чи одоо завхайрсан,
Израил өөрийгөө бузарласан.
4 Үйлдэл нь тэднийг Бурхан руугаа эргэхийг
Үл зөвшөөрдөг ажээ.
Садарлагч сүнс дотор нь байгаа тул
Тэд ЭЗЭНийг мэддэггүй.
5 Израилын бардамнал
Өөрийнхөө эсрэг гэрчилнэ.
Израил, Ефраим хилэнцдээ бүдэрнэ.
Иуда ч тэдэнтэй бүдэрнэ.
6 Тэд ЭЗЭНийг хайхаар
Хонь, үхэр сүрэгтэйгээ очоод ч олохгүй.
Тэр тэднээс нэгэнт холджээ.
7 Тэд ЭЗЭНд итгэмжгүй хандаж,
Тэд бутач хүүхдүүд төрүүлжээ.
Одоо шинэ сар тэднийг
Газартай нь цөлмөх болно.
8 Гибеад эвэр, Рамад бүрээ үлээ.
Бет-Авенд “Бениамин аа, араас чинь” гэж түгшүүр зарла.
9 Гэсгээлийн өдөр Ефраим эзгүйрнэ.
Израилын овгууд дээр зайлшгүй болох юмыг
Би тунхагласан.
10 Иудагийн ноёд хил хязгаарыг хөдөлгөгчид мэт болжээ.
Тэдний дээр Би уур хилэнгээ ус мэт цутгана.
11 Ефраим дарлагдан, шүүлтэд бяцлагдсан.
Учир нь тэр хоосныг шийдэмгий дагажээ.
12 Иймд Би Ефраимд хивэн эрвээхэй,
Иудагийн гэрт ялзрал мэт болно.
13 Ефраим өвчнөө, Иуда шархаа үзээд,
Ефраим Ассири руу явж,
Иареб хаан руу хүн илгээв.
Харин тэр чамайг эдгээж чадахгүй,
Шархыг чинь эмчилж чадахгүй.
14 Учир нь Би Ефраимын хувьд арслан мэт,
Иудагийн гэрийн хувьд залуу арслан мэт байна.
Би Өөрөө тасчин урж явна.
Намайг авч явахад хэн ч аварч чадахгүй.
15 Тэд буруугаа мэдээд,
Миний нүүрийг эрэлхийлэх хүртэл нь
Би явна, байдаг газартаа буцна.
Зовлон шаналал дундаа тэд
Намайг хичээнгүйлэн хайх болно.