1 Ах дүүстээ “Аммиa” гэж, эгч дүүстээ “Рүхамаb” хэмээн хэл.

Израилын урвалт, гэсгээл ба аврал

2 “Заргалд, эхтэйгээ заргалд.
Тэр Миний эхнэр биш,
Би түүний нөхөр нь биш.
Тэрээр нүүрнээсээ завхайрлыг зайлуулаг.
Хөхнийхөө хоорондоос садар самууныг арилгаг.
3 Эс тэгвээс Би түүнийг шалдална
Анх мэндэлсэн өдрийнх шиг нь нүцгэлнэ.
Эзгүй цөл мэт болгоно
Хатсан газар мэт болгоно
Хатааж цангааж хөнөөнө.
4 Үр хүүхдүүд нь завхайрлынх учраас
Өрөвдөж энэрэхгүй.
5 Учир нь эх нь завхайрсан.
Тэднийг тээсэн эм ичгүүрийг үйлдсэн.
«Талх, ус, ноос, маалинга,
Тос, дарсыг минь надад өгдөг
Амрагуудынхаа араас явна» гэж тэр хэлсэн.
6 Тэгэхээр харагтун,
Би замыг нь сундуугаар шивээлж,
Тэрээр жимээ олохгүй болтол нь
Би түүнд хана босгоно.
7 Амрагуудаа мөшгөн дагавч
Тэднийг тэр гүйцэхгүй.
Араас нь хайх боловч
Тэр тэднийг олохгүй.
Тэгээд тэр эм хэлнэ.
«Би анхны нөхөртөө буцаж очъё,
Тэр үед л би одооноос илүү сайн байж» гэнэ.
8 Гэвч түүнд үр тариа, шинэ дарс, тос өгөгч нь
Түүний дээр мөнгө, алтыг мөн арвижуулагч нь
Би байсан гэдгийг тэр эм эс мэджээ.
Баалд тэгээд тэр бүгдийг зориулжээ.
9 Тиймээс цаг нь болоход
Би үр тариагаа
Улирал нь болоход
Шинэ дарсаа эргүүлэн авна.
Нүцгэнийг нь халхалж байсан
Ноос, маалингаа Би буцааж авна.
10 Тэгээд амрагуудынх нь нүдэн дээр
Ичгүүрт явдлыг нь ил гаргахад
Хэн ч түүнийг мутраас минь аврахгүй.
11 Бүх цэнгэл, найр наадам,
Шинэ сар, Амралтын өдөр,
Хамаг баярыг нь Би эцэс болгоно.
12 «Амрагуудын минь надад өгсөн хөлс» гэж өгүүлэх
Тэр эмийн усан үзэм, инжрийн моддыг
Би сүйтгэх болно.
Би тэдгээрийг ой болгож,
Хээр талын араатнууд тэдгээрийг цөлмөнө.
13 Баалуудынх нь баяраас болж,
Би түүнийг шийтгэх болно.
Тэр тэдгээрт утлага уугиулсан.
Ээмэг, эрдэнээр өөрийгөө гоёж чимэн
Амрагуудаа дагасаар Намайг мартсан” гэж
ЭЗЭН айлдаж байна.

14 “Тэгэхээр харагтун,
Би түүнийг уруу татан цөлд авчраад,
Түүний зүрх сэтгэлд нь ярих болно.
15 Дараа нь Би тэндээс түүнд усан үзмийн цэцэрлэгийг нь,
Ахорын хөндийг мөн
Найдварын үүд болгож өгнө.
Тэр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг,
Египет газраас гарсан үеийнх шигээ дуулна.*

16 Тэр өдөр чи Намайг «Эр нөхөр минь» гэж дуудна,
Цаашид «Баал минь»c гэж дуудахгүй” хэмээн
ЭЗЭН тунхаглаж байна.
17 “Учир нь Би амнаас нь Баалуудын нэрийг арилгаж,
Хойшид тэд нэрээрээ эс дурсагдана.
18 Мөн тэр өдөрт тэдний төлөө
Хээрийн араатан, огторгуйн шувуу, газрын мөлхөгч амьтадтай
Би гэрээ байгуулна.
Нум, илд, дайныг энэ газраас халж,
Тэднийг Би аюулгүй хэвтүүлнэ.
19 Би чамтай мөнхөд сүй тавих болно.
Тийм ээ, Би зөвт байдал, шударга ёс,
Хайр энэрэл, өршөөлөөр чамтай сүй тавина.
20 Чамтай итгэмжит байдал дотор Би сүй тавина.
Тэгээд чи ЭЗЭНийг мэдэх болно.”

21 “Тэр өдөрт Би хариулна” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Тэнгэрүүдэд Би хариулж,
Тэд газарт хариулна.
22 Газар нь үр тариа, шинэ дарс, тосонд хариулж,
Тэдгээр нь Иезреелд хариулна.
23 Өөрийнхөө төлөө Би
Үүнийг газарт тариална,
Ло-Рүхамаг бас өршөөж,
Ло-Аммид «Та нар Миний ард түмэн» хэмээхэд
«Та бол миний Бурхан» гэж
Тэд хэлэх болно.”*


  • a2:1 Амми: “Миний ард түмэн” гэсэн утгатай.
  • b2:1 Рүхама: “Өршөөл хүртсэн” гэх утгатай.
  • 2:15 Иош 7:24–26
  • c2:16 Баал: Канаанчуудын шүтээний нэр. Евр. “Эзэн” мөн “эр нөхөр” гэсэн утгатай.
  • 2:23 Ром 9:25; 1Пт 2:10