Гэмшлийн дуудлага

6 1 Ирэгтүн, ЭЗЭНдээ эргэж буцацгаая.
Тэр биднийг тастсан ч эдгээх болно.
Тэр биднийг шархдуулсан ч боож өгөх болно.
2 Биднийг хоёр хоногийн дараа Тэр амилуулна,
Биднийг гурав дахь өдөрт Тэр босгох болно,
Тэгснээр бид өмнө нь амьдрах болно.
3 Тиймээс таньж мэдэцгээе,
ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая.
Үүр цайх нь баттай адил
Түүний ирэх нь гарцаагүй.
Бороо мэт, газрыг услах хаврын бороо мэт
Тэр бидэн дээр ирнэ.

Гэмшдэггүй Израил Иуда нар

4 Ефраим аа, Би чамайг яалтай билээ?
Иуда, Би чамайг хэрхэх вэ?
Хайр чинь өглөөний сарних манан,
Эрт алга болох шүүдэр мэт ажээ.
5 Тиймээс Би эш үзүүлэгчдээр дамжуулан
Тэднийг хэсэглэн цавчсан.
Би амныхаа үгээр тэднийг алсан.
Миний шүүлт цацрах гэрэл мэт юм.
6 Би тахилыг бус хайр энэрлийг,
Шатаалт тахилаас илүүгээр
Бурханыг мэдэх мэдлэгийг таална.*

7 Харин тэд гэрээг Адам шиг зөрчив.
Тэнд тэд Надад итгэмжгүй хандав.
8 Гилеад бол цуст мөр,
Ёс бусыг үйлдэгчдийн хот юм.
9 Дээрэмчид хүнийг отон хүлээдэг шиг
Тахилч нар бүлэглэцгээдэг.
Тэд Шехем рүү явах замд хүн алдаг.
Үнэхээр тэд аймшигт булай хэрэг үйлддэг.
10 Израилын гэрт Би
Жигшмээр зүйлийг харсан.
Ефраимын садарлал тэнд байна,
Израил ч өөрийгөө бузарлав.

11 Иуда! Ард түмнийхээ хувь заяаг
Би сэргээх үед
Чамд зориулагдсан ургац тэнд бий.


  • 6:6 Мт 9:13, 12:7