ЭЗЭНий зарга

4 1 Израилын хөвгүүд ээ,
ЭЗЭНий үгийг сонсогтун.
Энэ газрын оршин суугчдын эсрэг
ЭЗЭНд зарга байна.
Итгэмжит байдал, энэрэл ба
Бурханыг мэдэх мэдлэг
Энэ газарт алга.
2 Энд хараал, заль мэх, аллага,
Хулгай, садар самуун тархаж,
Цусан дээр цус урсаж байна.
3 Тиймээс газар гашуудаж,
Тэнд амьдрагч болгон шаналж,
Хээрийн араатан, огторгуйн шувууд
Далайн загас хүртэл алга болж байна.

4 Гэвч хэн ч бүү заргалдаг,
Хэнийг ч бүү зэмлэг.
Учир нь ард түмэн чинь
Тахилчтай заргалдагч шиг байна.
5 Тиймээс чи өдрөөр бүдэрч,
Эш үзүүлэгч бас чамтай хамт шөнөөр бүдэрнэ.
Би эхийг чинь устгана.
6 Ард түмэн минь мэдлэг дутсанаас болж устгагдсан.
Чи мэдлэгээс татгалзсан учир
Би ч чамайг тахилч минь байхаас татгалзана.
Чи Бурханыхаа хуулийг мартсан болохоор
Би ч бас хүүхдүүдийг чинь мартах болно.

7 Олшрох тусмаа тэд
Миний эсрэг улам их нүгэл үйлдэв.
Би алдар цууг нь ичгүүрээр солино.
8 Ард түмний минь нүглээр хооллож,
Алдаа зөрчилд нь тэд шунахайрдаг.
9 Ард түмэнд ямар хандана,
Тахилчид ч тийм байна.
Тиймээс Би тэднийг
Замуудынх нь төлөө шийтгэж,
Үйлсийнх нь төлөө тэдэнд хариуг нь төлнө.
10 Тэд идэвч үл ханана.
Тэд биеэ үнэлэвч эс үржинэ.
Учир нь тэд ЭЗЭНд анхаарал хандуулахаа больж,
11 Садарлал, дарс, шинэ дарсанд
Хамаг ухаанаа алджээ.

Израилын завхрал

12 Ард түмэн минь модтойгоо зөвлөж,
Саваа нь тэдэнд хэлж өгөх гэнэ.
Учир нь садар самууны сүнс тэднийг төөрүүлж,
Тэд Бурханаасаа хагацан садарлажээ.
13 Тэд уулсын оргил дээр тахил өргөн,
Толгод дээр, сүүдэр нь тааламжтай тул
Царс, улиас, хайлс моддын доор
Утлага уугиулж байна.
Тиймээс та нарын охид биеэ үнэлж,
Бэрүүд чинь садарлаж байна.
14 Охид чинь биеэ үнэлж,
Бэрүүд чинь садарлахад
Би шийтгэхгүй.
Учир нь эрчүүд өөрсдөө янхнуудтай явж
Шүтээний янхнуудтайa хамт тахилууд өргөдөг.
Тиймээс ухаангүй ард түмэн сөнөсөн.

15 Израил аа, хэдийгээр чи садарладаг ч
Иудаг бүү ялтан болго.
Гилгал руу бүү яв,
Бет-Авен өөд бүү өгс.
“ЭЗЭН амьд!” хэмээн бүү тангарагла.
16 Зөрүүд бяруу шиг Израил зөрүүд болохоор
ЭЗЭН тэднийг яахан
Уудам бэлчээр дэх хурга мэт хариулах вэ?

17 Ефраим шүтээнүүдтэй нэгджээ.
Түүнийг зөнгөөр нь орхи.b
18 Архидалтаа тэд садарлалаар эцэслүүлдэг.
Алдар аятай ичгүүрээ тэд хайрлан хаацайлдаг.
19 Салхи тэднийг жигүүртээ орооно,
Тахилуудаасаа тэд ичих болно.


  • a4:14 шүтээний янхан: Канаанчуудын үржил шимийн бурхны дуганд ийм эмс байсан бөгөөд тэдэнтэй бэлгийн харьцаанд орвол ургац, мал сүрэг арвижна гэж үздэг байжээ.
  • b4:17–19 Эх бичвэрийн эдгээр эшлэл тодорхой бус.