Гэмшлийн гуйлт
14 1 Израил аа, ЭЗЭН Бурхан өөдөө эргэ.
Хилэнцээсээ болж чи бүдэрсэн билээ.
2 Үгсийг нь өөрсдөдөө аваад ЭЗЭН өөд эргэж
“Хилэнц бүрийг минь хэлтрүүлээд,
Хэлэх үгийг минь болгоогооч.
Уруул юугаа бид тахил болгон өргөе.
3 Ассири биднийг аврахгүй,
Агт морийг ч бид унахгүй.
Өнчид Таны дотор өршөөлийг олдог тул
Гарын бүтээлээ «Манай Бурхан» гэж
Дахин бид хэлэхгүй” гээрэй.
Өршөөл ирэх нь лавтай
4 Урвалтыг нь Би эдгээнэ,
Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана.
Уур хилэн минь тэднээс холдсон.
5 Израилд Би шүүдэр нь болно.
Сараана цэцэг адил тэд дэлбээлэн
Ливаны хуш мод мэт үндэслэнэ.
6 Мөчрүүд нь нахиалж,
Гоо үзэсгэлэн нь чидун мод шиг,
Анхилуун үнэр нь Ливаных шиг болно.
7 Сүүдэрт нь амьдрагсад эргэж ирнэ.
Үр тариа шиг дахин ургана,
Усан үзмийн мод шиг цэцэглэнэ.
Ливаны усан үзмийн дарс шиг дуурсагдана.
8 Ефраим аа, Би шүтээнүүд шиг гэж үү?
Чамд Би хариулж, чамайг Би харж хандана.
Би мөнх ногоон майлстай адил.
Надаас чи үр жимсээ олно.
9 Мэргэн хэн боловч эдгээр зүйлийг ойлгог.
Ухаалаг нэгэн эдгээрийг мэдэг.
ЭЗЭНий зам мөр зөв тул
Чигч шударга нь түүгээр алхана.
Тэрслэгсэд харин тэдгээрт бүдэрнэ.