Израилд буух хатуу шүүлт
13 1 Ефраимыг ярихад хүмүүс сүрдэж байв.
Тэр өөрийгөө Израилд өргөмжилсөн ч
Баалаар ялд унаж, үхсэн.
2 Одоо ч тэд улам бүр нүгэл үйлдэж,
Мөнгөөр цутгамал хөргүүдийг өөрсдөдөө хийдэг.
Чадварлаг урласан шүтээнүүд
Дархчуудын гар урлал боловч
Тэд тэдэнд “Тахил өргөж буй хүн
Тугалуудыг үнсэг” гэцгээдэг.
3 Тэд бол өглөөний манан,
Эрт алга болдог шүүдэр,
Үтрэмээс хийсдэг будааны хальс,
Гэгээвчээр гарах утаа мэт юм.
4 Гэвч Египет газраас та нарыг авчирсан
Би та нарын Бурхан ЭЗЭН.
Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдэх ёсгүй.
Надаас өөр ямар ч аврагч байхгүй.
5 Цөлд, ган гачигтай газарт
Би чамайг мэдэж байсан.*
6 Бэлчээртэй болмогцоо тэд цаджээ.
Цадмагцаа зүрх нь бардам болжээ.
Тэгээд тэд Намайг мартсан.
7 Иймээс Би тэдэнд арслан мэт болж,
Ирвэс шиг Би замын хажууд отох болно.
8 Бамбаруушнуудаа булаалгасан эвш шиг
Би тэдэнтэй тулгарч,
Зүрхнийх нь үнхэлцгийг ярна.
Тэнд Би эрслэн мэт тэднийг залгина.
Зэрлэг араатан тэднийг тасчина.
9 Израил аа, чи Миний эсрэг,
Тусламжийнхаа эсрэг байгаа нь чиний сүйрэл юм.
10 Бүх хотод чинь чамайг аврах
Чиний хаан хаана байна?
“Хаан ба ноёдыг өгөөч” гэж чи хүссэн
Харин одоо шүүгчид чинь хаана байна?*a
11 Уур дотроо Би чамд хааныг өгч,
Хилэн дотроо түүнийг буцаан авсан.*
12 Ефраимын хилэнц уягдаж,
Нүгэл нь хадгалагдав.
13 Төрөхийн өвдөлт түүний улмаас ирэв
Тэрээр гэвч ухаангүй хүү аж.
Учир нь цаг нь болоход
Умайн амсарт тэр эс ирэв.
14 Би тэднийг Үхэгсдийн орны хүчнээс золих уу?
Би тэднийг үхлээс аврах уу?
Үхэл ээ, өргөс чинь хаана байна?
Үхэгсдийн орон чиний хатгуур хаана байна?
Харцнаас минь өршөөл нууцлагдав.*
15 Тэр хулсан дунд үржил шимтэй байвч
Дорнын салхи ирж,
ЭЗЭНий салхи цөлөөс өгсөж байна.
Ундарга нь ширгэж, булаг нь хатна.
Үнэт эдлэлийнх нь бүх хөмрөг тоногдоно.
16 Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учир
Самари шийтгэлээ үүрнэ.
Тэд илдэнд унана
Үр хүүхдүүд нь хэмх шидүүлж,
Жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчүүлэх болно.
- 13:5–6 Дх 8:11–17
- 13:10 1См 8:5–6
- a13:10 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
- 13:11 1См 10:17–24, 15:26
- 13:14 1Ко 15:55