12 1 Ефраим салхиар хооллон
Дорнын салхийг үргэлж мөшгөж байна.
Тэрээр заль мэх, хүчирхийллийг олшруулж байна.
Тэр Ассиритай гэрээ байгуулж,
Египет рүү тос зөөдөг.
Эсэргүүцлийн түүхэн улбаа
2 ЭЗЭН бас Иудатай заргалдаж,
Иаковыг замуудынх нь дагуу шийтгэнэ.
Үйлсийнх нь дагуу хариуг нь өгнө.
3 Хэвлийд байхдаа тэр ахыгаа өсгийнөөс нь барьж,
Эрийн цээнд хүрээд Бурхантай тэмцэлдсэн.**
4 Тийм ээ, тэр тэнгэрэлчтэй барилдан дийлсэн.
Тэрээр уйлан өршөөл гуйсан.
Тэр Түүнийг Бетелд олоод
Тэрээр тэнд бидэнтэй ярьсан.*
5 Тэр бол түг түмдийн Бурхан ЭЗЭН,
Түүний дурсгалт нэр нь ЭЗЭН.
6 Тиймээс Бурхандаа буц,
Хайр энэрэл, шударга ёсыг сахиж,
Үргэлж Бурханаа хүлээ.
7 Гартаа хуурамч жинлүүртэй худалдаачин залилах дуртай.
8 Ефраим “Үнэхээр би баян болсон.
Өөртөө би эд баялгийг олсон.
Бүх хүч хөдөлмөр дотор минь
Нүгэл хилэнцийг тэд надаас олохгүй” гэсэн.
9 Гэвч Египет газарт байх үеэс
Би ЭЗЭН Бурхан чинь байсан.
Товлогдсон найрын өдрүүдийнх шиг
Би та нарыг дахин майхнуудад амьдруулна.*
10 Би бас эш үзүүлэгчдэд айлдан
Үзэгдлүүдийг олшруулсан.
Эш үзүүлэгчдээр дамжуулан
Би зүйр сануулгуудыг өгсөн.
11 Гилеадад ёс бус юм байна.
Үнэхээр тэд хоосон юм.
Гилгалд тэд бухуудаар тахил өргөж байна.
Тийм ээ, тахилын ширээнүүд нь
Талбайн шангуудын хажуудах чулуун овоонууд шиг юм.
12 Иаков, Арамын нутаг руу зугтаж,
Израил эхнэрийнхээ төлөө ажилласан.
Эхнэрийнхээ төлөө хонин сүргийг манасан.*
13 Харин эш үзүүлэгчээр дамжуулан,
ЭЗЭН Израилыг Египетээс гаргасан.
Эш үзүүлэгчээр дамжуулан тэр хамгаалагдсан.*
14 Ефраим гашуун уур хилэнг өдөөн хатгасан.
Тиймээс Эзэн нь цусны бурууг өөр дээр нь орхиж,
Зэмлэлийг нь өөрт нь буцааж өгнө.
- 12:3 Эх 25:26
- 12:3–4 Эх 32:24–26
- 12:4 Эх 28:10–22
- 12:9 Лев 23:42–43
- 12:12 Эх 29:1–20
- 12:13 Гэт 12:50–51