Израилын урвалт

8 1 Бүрээгээ амандаа!
Гэрээг минь зөрчиж,
Хуулиас минь тэрсэлсэн учир
ЭЗЭНий өргөөний эсрэг
Бүргэд мэт дайсан ирж байна.
2 “Бурхан минь, бид Израил,
Бид Таныг мэднэ” гэж
Тэд Над руу хашхирч байна.
3 Израил сайнаас татгалзсан.
Дайсан тэднийг хөөх болно.

4 Надаас биш атал
Тэд хаадыг залдаг.
Намайг мэдээгүй байхад
Тэд ноёдыг томилдог.
Мөнгө, алтаараа өөрсдөдөө
Шүтээнүүдийг бүтээсэн ч тэд сөнөнө.
5 Самари аа, тугал чинь хүлээн зөвшөөрөгдөхгүй,
“Уур минь тэдний эсрэг шатна” хэмээв.
Тэд хэдий хүртэл
Цэвэр болох чадваргүй байх вэ?
6 Самарийн тугал бутран эвдэрнэ.
Энэ нь Израилаас гарсан юм.
Үүнийг дархан хийсэн юм.
Ийм юм Бурхан биш ээ.

7 Салхийг тарьдаг учраас
Тэд шуурга хурааж авдаг.
Тариа нь түрүүгүй тул гурил эс гаргана.
Хэрэв гаргах болбол
Гаднынхан түүнийг нь залгина.
8 Израил залгигдлаа.
Үндэстнүүдийн дунд тэрээр
Үл таашаагдах сав мэт байна.
9 Учир нь тэд орь ганц хулан мэт
Ассири руу явжээ.
Ефраим амрагуудыг хөлсөлжээ.
10 Үндэстнүүдэд тэд өөрсдийгөө худалдсан ч
Эдүгээ Би тэднийг цуглуулна.
Хаад ноёдын дарлалаас болж
Тэд тарчилж эхлэх болно.

11 Ефраим нүгэл үйлдэх гэж
Тахилын ширээгээ олшруулсанд
Тэдгээр нь түүнд нүглийн тахилын ширээнүүд болов.
12 Түүнд Би тоо томшгүй хуулиа бичиж өгсөн боловч
Тэдгээр нь гаднын зүйл мэт тооцогджээ.
13 Миний өргөл тахилд
Тэд мах өргөж, түүнийгээ иддэг.
Гэвч ЭЗЭН үүнийг нь эс таална.
Одоо Тэр хилэнцийг нь санаж,
Нүглийнх нь төлөө тэднийг шийтгэнэ.
Тэд Египет рүү буцах болно.a
14 Учир нь Израил Бүтээгчээ мартаж,
Орднуудыг байгуулсан.
Иуда бэхлэгдсэн хотуудыг олшруулсан.
Хотууд руу нь Би гал илгээж
Орднуудыг нь тэр түймэрдэх болно.


  • a8:13 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.