10 1 Ах дүү нар аа, зүрх сэтгэлийн минь хүсэл болон тэдний талаар Бурханд хандах миний залбирал бол тэднийa аврал билээ. 2 Тэд Бурханы төлөө хичээл зүтгэлтэй боловч, энэ нь мэдлэгийн дагуу биш гэж би тэднийг гэрчилдэг. 3 Тэд Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэж, Бурханы зөвт байдалд захирагдаагүй юм. 4 Христ бол итгэдэг хүн бүрд зөвт байдлыг авчрах хуулийн төгсгөл мөн.

Аврал бүгдэд зориулагдсан

5 Хуулиас ирдэг зөвт байдлын тухайд “Эдгээрийг үйлддэг хүн эдгээрээр амьдарна” гэж Мосе бичжээ.* 6 Харин итгэлээс ирдэг зөвт байдал нь ийнхүү ярьдаг. “Зүрхэндээ «Хэн тэнгэрт гарах вэ?» гэж бүү хэл”. (Энэ нь Христийг доош авчрах гэсэн хэрэг.)* 7 Эсвэл “«Хэн оёоргүй гүнд буух вэ?» гэж бүү хэл”. (Энэ нь Христийг үхэгсдээс босгох гэсэн хэрэг.) 8 Харин энэ нь юу хэлдэг вэ?
“Үг нь чамд тун ойрхон,
Аманд чинь, зүрхэнд чинь бий”
гэдэг. Энэ нь бидний тунхагладаг итгэлийн үг юм. 9 Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдана. 10 Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрнэ. 11 Учир нь Бичвэр “Түүнд итгэдэг хэн ч ичгүүрт орохгүй” гэдэг.* 12 Иудей ба грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн Эзэн нэг л бөгөөд Түүнийг дуудагч бүхэнд баялаг бялхана. 13 Учир нь “Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдана.”*
14 Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд тунхаглагчидгүйгээр яаж сонсох вэ? 15 Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах вэ? “Сайнмэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!” гэж бичигдсэн байдаг.* 16 Харин тэд сайнмэдээнд итгэсэнгүй. Учир нь Исаиа “Эзэн минь, бидний мэдээнд хэн итгэсэн бэ?” гэж хэлсэн.* 17 Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг. 18 Гэвч би хэлье. Тэд сонсоогүй гэж үү? Үнэндээ тэд сонссон.
“Дуу хоолой нь бүх газарт,
Үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн”
гэсэн байдаг юм.* 19 Гэвч би хэлье. Израил мэдээгүй гэж үү? Эхлээд Мосе
“Би үндэстэн бус хүмүүсээр
Та нарыг атаархуулж,
Ухаангүй үндэстнээр
Та нарыг уурлуулна”
гэсэн.* 20 Исаиа зоригтойгоор
“Хайгаагүйд нь Би олдов.
Сураглаагүйд нь Би үзэгдэв”
гэж хэлсэн юм.* 21 Харин Израилын талаар Тэр “Дуулгаваргүй, зөрүүд ард түмэнд хандан Би бүхэл өдөржин гараа сунгав” гэсэн байдаг.*


  • a10:1 тэдний: Израилчуудыг хэлж байна.
  • 10:5 Лев 18:5
  • 10:6–8 Дх 30:12–14
  • 10:11 Иса 28:16 (LXX)
  • 10:13 Иое 2:32
  • 10:15 Иса 52:7
  • 10:16 Иса 53:1
  • 10:18 Дуу 19:4 (LXX)
  • 10:19 Дх 32:21
  • 10:20 Иса 65:1 (LXX)
  • 10:21 Иса 65:2 (LXX)