Израил гологдсон тухайд
11 1 Тэгвэл би хэлье. Бурхан Өөрийн ард түмнийг голсон гэж үү? Огт үгүй! Учир нь би ч бас Абрахамын үр, Бениамин овгийн израил хүн.* 2 Бурхан урьдаас мэдсэн Өөрийн ард түмнийг голоогүй. Та нар Елиагийн тухай Бичвэрт юу хэлдгийг мэддэггүй юм уу? Тэр Израилын эсрэг, Бурханд мэдүүлэн 3 “Эзэн минь, тэд Таны эш үзүүлэгчдийг алж, Таны тахилын ширээнүүдийг нураан хаясан. Би ганцаараа үлдсэн бөгөөд тэд амийг минь хайж байна” гэсэн.* 4 Харин Бурханы хариу юу байв? “Баалд өвдөг сөгдөөгүй долоон мянган хүнийг Би Өөртөө үлдээсэн” гэсэн юм.* 5 Үүний адил Бурханы нигүүлсэнгүй сонголтын дагуу үлдэгсэд эдүгээ цагт ч байгаа. 6 Хэрэв энэ нь нигүүлслээр юм бол цаашид үйлсээр биш ажээ. Эс тэгвэл нигүүлсэл нь нигүүлсэл биш болно. 7 Тэгвэл юу болох вэ? Израил эрснээ олж авсангүй. Харин сонгогдсон хүмүүс л үүнийг олж авав. Бусдыг нь хатууруулжээ. 8 Энэ нь
“Бурхан энэ өдрийг хүртэл
Тэдэнд гүн нойрны сүнс,
Хардаггүй нүд, сонсдоггүй чих өгсөн”
гэж бичигдсэнчлэн аж.* 9 Давид*
“Тэдний ширээ нь тэдэнд өөрсдөд нь
Урхи, тор, бүдрүүлэх саад
Бас шан хариу болог.
10 Нүд нь харж чадахгүйн тулд харанхуйлаг,
Нуруу нь үүрд бөгтөр болог”
гэсэн байдаг.
Харийнхны аврал
11 Тиймд би хэлье. Тэд унах гэж бүдэрсэн гэж үү? Огт үгүй. Харин тэдний алдаа зөрчлөөс болж харийнханд аврал ирж, Израилын атаархлыг өдөөх юм. 12 Тэгэхлээр, тэдний алдаа зөрчил нь дэлхийн баялаг, тэдний алдагдал нь харийнхны баялаг болдог юм бол тэдний дүүрэл ямар агуу их байх бол!
13 Гэвч харийнхан та нарт би хэлье. Би харийнхны элчийн хувьд үйлчлэлээ товойлгодог нь 14 яс махныхаа тасархайг атаархуулж заримыг нь ч бол аврах гэснийх. 15 Хэрэв тэдний огоорол нь дэлхийн эвлэрэл бол хүлээн авалт нь үхэгсдээс амилах адил бус уу? 16 Өргөл дээж ариун бол үлдсэн нь бүхэлдээ мөн тийм, үндэс хэрэв ариун бол мөчрүүд нь ч бас тийм байна.
17 Хэрэв хэсэг мөчир таслагдаад, оронд нь зэрлэг чидун болох та, тэдний дунд залгагдаж, чидун модны үндэсний шимээс хүртэгч болсон бол 18 өнөөх мөчрүүдийн эсрэг бүү сайрх. Хэрэв сайрхмаар бол та үндсийг биш, харин үндэс таныг тэтгэж байгааг санагтун. 19 Тэгвэл та “Намайг модонд залгахын тулд тэр мөчрүүд таслагдсан шүү дээ” гэж хэлнэ. 20 Тийм ээ, тэд итгэлгүйдээ таслагдсан бол та итгэлээрээ зогсож байна. Бүү дээгүүр санаарх, харин эмээ. 21 Хэрэв Бурхан төрөлх мөчрүүдийг хэлтрүүлээгүй бол таныг ч гэсэн хэлтрүүлэхгүй. 22 Тиймээс Бурханы энэрэл хийгээд хатуурхлыг харагтун. Унагсад дээр хатуурхал байдаг тул та Бурханы энэрэлд үлдвээс тан дээр энэрэл оршино. Эс бөгөөс та ч гэсэн таслагдана. 23 Түүнчлэн тэд итгэлгүй байдалдаа эс үлдвээс залгагдах болно. Учир нь Бурхан тэднийг дахин залгах чадалтай. 24 Хэрэв та төрөлхийн зэрлэг модноос таслагдаад тэр чанарынхаа эсрэг таримал чидун модонд залгагдсан юм бол, төрөлх нь төрөлх модондоо тэр тусмаа залгагдах биш үү?
Бүх Израил аврагдах болно
25 Ах дүү нар аа! Та нарыг өөрөө өөртөө ухаалаг болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Харийнхан орж гүйцэхa хүртэл Израилын хэсэг нь хатуурчээ. 26 Гэвч бүх Израил аврагдах болно. Энэ нь ийн бичигдсэн юм.*
“Сионоос Чөлөөлөгч гарч ирнэ.
Тэрээр итгэл сүсэггүйдлийг
Иаковаас зайлуулна.
27 Би тэдний нүглүүдийг зайлуулна
Энэ нь тэдэнтэй байгуулах
Миний гэрээ болно.”*
28 Сайнмэдээний талаас, тэд та нарын улмаас дайснууд боловч, харин сонголтын талаас, эцгүүдийнхээ учир тэд хайрлагдагсад юм. 29 Учир нь Бурханы бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ. 30 Та нар урьд өмнө Бурханд дуулгаваргүй байсан. Гэтэл одоо тэдний дуулгаваргүйгээс болж та нар өршөөл үзсэнчлэн, 31 мөн та нарт үзүүлсэн өршөөлийн улмаас тэд өршөөгдөхийн тулд эдүгээb тэд дуулгаваргүй байгаа юм. 32 Учир нь бүгдэд өршөөлөө үзүүлэхийн тулд бүгдийг дуулгаваргүй байдалд Бурхан хорьжээ.
33 Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүн бэ! Түүний шүүлтүүд нь ямар ойлгож баршгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?*
34 “Эзэний оюун ухааныг
Хэн мэдсэн бэ?
Хэн Түүний зөвлөгч нь болсон бэ?*
35 Хэн өөртөө эргүүлж төлүүлэхээр
Түүнд урьдчилж өгсөн бэ?”*
36 Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.*
- 11:1 Флп 3:5
- 11:3 1Ха 19:10,14
- 11:4 1Ха 19:18
- 11:8 Дх 29:4; Иса 29:10
- 11:9–10 Дуу 69:22–23
- a11:25 эсвэл харийнхны тоо гүйцэх
- 11:26–27 Иса 59:20–21 (LXX)
- 11:27 Иса 27:9 (LXX); Иер 31:33–34
- b11:31 Зарим гар бичмэлд: эдүгээ гэж байхгүй.
- 11:33 Иса 55:8
- 11:34 Иса 40:13 (LXX)
- 11:35 Иов 41:11
- 11:36 1Ко 8:6