Израилыг Бурхан сонгосон

9 1 Би худал яриагүй, Христ дотор үнэнийг хэлж байна. Миний мөс чанар Ариун Сүнсээр надад гэрчилж байгаачлан 2 зүрхэнд минь маш их уйтгар гуниг, байнгын зовуурь байна. 3 Махбодоороо миний төрөл болох ахан дүүсийнхээ төлөө би Христээс салгагдаж, өөрөө хараал болох минь гэж хүсэж байлаа. 4 Тэд бол израилчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд,a хуульчлал, мөргөл ба амлалтууд нь тэднийх юм.* 5 Эцгүүдb ч тэднийх, Христ ч махбодоороо тэднээс гаралтай. Христ бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн.c Амен.
6 Гэвч энэ нь Бурханы үг хүчингүй болсон гэсэн үг биш. Учир нь Израилаас байгаа нь бүгд израил бус. 7 Тэд Абрахамын үр удам ч гэлээ бүгд түүний хүүхдүүд гэсэн үг биш, харин “Исаакаас гарсан нь л чиний үр удам гэж нэрлэгдэх болно”* гэсэн байдаг. 8 Махбодын хүүхдүүд ньd Бурханы хүүхдүүд биш харин амлалтын хүүхдүүд нь үр удам гэж тооцогдсон. 9 Учир нь “Би өдий үедe эргэж ирнэ. Сара хүүтэй болно” гэжээ. Энэ бол амлалтын үг юм.* 10 Зөвхөн энэ ч биш, Ребека бас бидний эцэг Исаак хэмээх нэгэн эрээс хөл хүнд болсон. 11 Хүүхдүүдийг хараахан төрөөгүй, ямар ч сайн, муу зүйл үйлдээгүй байхад нь Бурханы сонголтын зорилго нь үйлсээр бус, харин Дуудагчийн улмаас байхын тулд 12 “Том нь багадаа зарцлагдана” гэж эхэд нь айлдсан ажээ.* 13 Энэ нь
“Би Иаковыг хайрлаж,
Есавыг үзэн ядсан”
гэж бичигдсэн юм.* 14 Тэгвэл бид юу хэлэх вэ? Шударга бус юм Бурханд байдаг уу? Огт үгүй! 15 Учир нь Тэр Мосед
“Би өршөөх хүнээ өршөөнө.
Би өрөвдөх хүнээ өрөвдөнө”
гэж айлдсан юм.* 16 Ингэхлээр энэ нь хүсдэг эсвэл хичээдэг хүнээс биш, харин өршөөлт Бурханаас хамаардаг аж. 17 Бичвэр “Өөрийнхөө хүчийг чамаар үзүүлж, Миний нэр дэлхий даяар тунхаглагдахын тулд чухам энэ л зорилгоор Би чамайг босгов” гэж Фараонд айлджээ.* 18 Тэгэхлээр Тэр хүссэн хүнээ өршөөдөг, хүссэн хүнээ хатууруулдаг.

Бурханы уур хилэн ба өршөөл

19 Тэгвэл чи надад “Яагаад Тэр өнөөг хүртэл өө хайсаар байна вэ? Хэн Түүний хүслийг эсэргүүцэж чадах юм бэ?” гэж хэлнэ. 20 Харин Бурханы эсрэг хариу хэлдэг чи хэн юм бэ? Баримал нь “Та яагаад намайг ингэж хийв?” гэж барималчинд хэлдэг үү?* 21 Нэг зуурмагны шавраар хүндэтгэлийн нэг сав, ердийн хэрэглээний өөр нэг савыг хийхийн тулд ваарчин шаврынхаа дээр эрх мэдэлгүй гэж үү? 22 Хэрэв Бурхан уур хилэнгээ үзүүлэхийг мөн хүч чадлаа мэдүүлэхийг хүсэхдээ, сүйрэлд зориулагдсан уур хилэнгийн савнуудад их тэвчээртэй хандсан бол юу гэх вэ? 23 Тэрээр алдрын төлөө урьдаас Өөрийн бэлдсэн өршөөлийн савнуудад алдрынхаа баялгийг мэдүүлэхийн тулд 24 иудейчүүд төдийгүй, харийнхны дундаас та биднийг мөн дуудсан юм. 25 Тэр Хосеа номд*
“Минийх биш ард түмнийг Би
«Миний ард түмэн»,
Хайрлагдаж байгаагүйг нь
«Хайрт» гэж дуудна.
26 «Та нар Миний ард түмэн биш» гэж тэдэнд айлдсан тэр газарт
Тэд амьд Бурханы хөвгүүд гэж дуудагдах болно”
гэсэн юм.* 27 Исаиа Израилын талаар хашхиран “Израилын хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана.* 28 Учир нь Эзэн Өөрийн үгээ дэлхий дээр гүйцэд, түргэн биелүүлэх болно” гэжээ. 29 Исаиа
“Хэрэв түг түмдийн Эзэн
Амьд үлдэгсдийг бидэнд үлдээгээгүй бол
Бид Содом мэт болж,
Гоморра шиг болох байсан”
гэж урьдаас хэлсэн юм.*

Израилын итгэлгүйдэл

30 Тэгвэл бид юу хэлэх вэ? Зөвт байдлыг мөшгөөгүй харийнхан зөвт байдалд буюу итгэлээр ирдэг зөвт байдалд хүрсэн. 31 Харин зөвт байдлын хуулийг мөшгөсөн атлаа Израил тэр хуульд хүрсэнгүй. 32 Яагаад? Учир нь тэд түүнийг итгэлээр мөшгөсөнгүй, харин тэд үйлсээр ирдэг юм шиг мөшгөж, бүдрүүлгийн чулуунд бүдэрцгээжээ. 33 Энэ нь
“Харагтун, Би Сионд бүдрүүлгийн чулуу,
Тээглэх хад тавина.
Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй”
гэж бичигдсэнчлэн болжээ.*


  • a9:4 Зарим гар бичмэлд: гэрээ
  • 9:4 Гэт 4:22
  • b9:5 Абрахам, Исаак, Иаков нарыг хэлж байна.
  • c9:5 эсвэл бүгдийн дээр оршигч Бурхан үүрд магтагдах болтугай!
  • 9:7 Эх 21:12
  • d9:8 махбодын хүүхдүүд: Энэ нь Абрахамын хүү, Хагараас төрсөн Ишмаелын удмыг хэлж байна. (Гал 4:22–23 үз.)
  • e9:9 эсвэл ирэх жилийн энэ үед
  • 9:9 Эх 18:10,14
  • 9:12 Эх 25:23
  • 9:13 Мал 1:2–3
  • 9:15 Гэт 33:19
  • 9:17 Гэт 9:16 (LXX)
  • 9:20 Иса 29:16, 45:9
  • 9:25 Хос 2:239:26 Хос 1:10
  • 9:27–28 Иса 10:22–23 (LXX)
  • 9:29 Иса 1:9 (LXX)
  • 9:33 Иса 8:14, 28:16 (LXX)