Христ дотор шинэ амьдрал

12 1 Иймд ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн гуйя. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Ингэх нь та нарын сүнслэг мөргөл мөн. 2 Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санаагаа шинэчилж, өөрчлөгдөгтүн! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр хүсэл юу болохыг таних болно.
3 Надад соёрхогдсон нигүүлслээр би та нарын хүн нэг бүрд чинь хэлье. Өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүүгээр бүү бод. Харин Бурханы хүн бүрд оноосон итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод. 4 Нэг биед олон эрхтэн байдаг бөгөөд бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүйн адил,* 5 бид олуулаа Христэд нэг бие бөгөөд хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм. 6 Бидэнд өгөгдсөн нигүүлслээр бэлгүүд маань ялгаатай. Эш үзүүллэг нь итгэлийнхээ хэрээр,* 7 үйлчлэл нь үйлчлэлээр, сургагч нь сургаалаар, 8 ятгагч нь ятгалгаар, өгөгч нь өгөөмрөөр, удирдагч нь хичээл зүтгэлээр, өршөөгч нь баяртайгаар үйлд.

Жинхэнэ итгэгчийн шинж

9 Хайр нь хоёр нүүргүй байг. Муу муухайг жигш, сайнаас зуурч ав. 10 Ах дүүсийн хайраар бие биеэ хайрла. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл. 11 Хичээл зүтгэлд бүү хойрго бай, сүнс дотор шат, Эзэнд үйлчил, 12 найдвар дотор баярла, зовлон дотор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул, 13 ариун хүмүүсийн хэрэгцээнд хандивла, зочломтгой байхыг эрмэлз. 14 Та нарыг хавчигч нэгнийг ерөө. Ерөө, харин бүү хараа.* 15 Баярлаж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл. 16 Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ.a Өөрөө өөрийгөө ухаалаг гэж бүү бод.* 17 Хэнд ч мууг муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай. 18 Та нарын зүгээс боломж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун. 19 Хайртууд минь, өшөө хонзонгоо хэзээ ч бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь “«Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө» гэж Эзэн хэлэв” гэж бичигджээ.* 20 “Дайсан чинь өлссөн бол хоолло, цангасан бол түүнийг ундаал. Ингэснээр чи түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг.”* 21 Мууд бүү дийлд, мууг харин сайнаар дийл.


  • 12:4–5 1Ко 12:12
  • 12:6–8 1Ко 12:4–11
  • 12:14 Мт 5:44; Лк 6:28
  • a12:16 эсвэл ямар ч ажлыг даруугаар хий эсвэл дорд хүмүүстэй ч нөхөрлө
  • 12:16 Сур 3:7
  • 12:19 Дх 32:35
  • 12:20 Сур 25:21–22 (LXX)