Бурханы шударга шүүлт
2 1 Түүнчлэн шүүдэг хүн бүрд шалтаг байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялладаг. Яагаад гэвэл шүүдэг та бас эдгээрийг үйлддэг шүү дээ.* 2 Ийм зүйлсийг үйлддэг хүмүүс дээр буух Бурханы шүүлт нь үнэний дагуу байдгийг харин бид мэднэ. 3 Ийм зүйлсийг үйлддэг хүмүүсийг шүүдэг атлаа өөрөө мөн л эдгээрийг үйлддэг хүн ээ, та Бурханы шүүлтээс мултарна гэж бодож байна уу? 4 Эсвэл Бурханы энэрэнгүй чанар өөрийг чинь хөтлөн гэмшилд хүргэдгийг мэдэлгүй, Түүний энэрэл, хүлцэл ба тэвчээрийн баяныг басамжилж байна уу? 5 Тэгвэл та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна. 6 Бурхан, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.* 7 Тэвчээртэйгээр сайныг үйлдэж, алдар, хүндэтгэл болон мөхөшгүй байдлыг хайгчдад мөнх амь өгнө. 8 Харин хувиа хичээгч, үнэнийг дагадаггүй мөртлөө зүй бусыг дагадаг хүмүүст уур хилэн ба хилэгнэл буулгана. 9 Муу муухайг үйлдэгч хүн бүрийн дээр цөхрөл, зовлон байх болно. Юуны түрүүнд энэ нь иудей түүнчлэн грек хүмүүст байна. 10 Харин сайныг үйлдэгч хүн бүрд алдар, хүндэтгэл ба амар тайван байх болно. Юуны түрүүнд энэ нь иудей түүнчлэн грек хүмүүст байна. 11 Учир нь ялгаварлах үзэл Бурханд байдаггүй.* 12 Хуульгүйгээр нүгэл үйлдсэн бүх хүн хуульгүйгээр мөхөх болно. Хуулийн дор нүгэл үйлдсэн бүх хүн хуулиар шийтгэгдэх болно. 13 Яагаад гэвэл хуулийг сонсогчид нь бус, харин биелүүлэгчид нь Бурханы өмнө зөвтгөгдөх болно. 14 Хэдийгээр харийнхан хуульгүй боловч хуулийн шаарддаг зүйлсийг зөнгөөрөө үйлдвэл, тэдэнд хууль байхгүй ч тэдгээр нь тэдэнд хууль болдог. 15 Хуулийн шаарддаг зүйлс зүрхэнд нь бичигдсэнийг тэд ийнхүү харуулж байна. Тэдний мөс чанар ч хамт гэрчилж, бодол санаа нь ч нэг нэгнээ буруутгадаг эсвэл өмгөөлдөг. 16 Миний сайнмэдээнийa дагуу, энэ нь хүмүүсийн нууц зүйлсийг Христ Есүсээр Бурхан шүүх өдөрт болно.
Иудейчүүд ба хууль
17 Хэрэв та Иудей гэх нэр зүүж, хуульд найдан, Бурханаар сайрхаж байгаа юм бол, 18 мөн та хуулиас суралцсанаар Түүний хүслийг мэдэн, онц сайн юмсыг таньдаг болсон юм бол, 19 басхүү та өөрийгөө хууль дотор мэдлэг ба үнэний биелэл болсон учраас сохруудын газарч, харанхуйд байдаг хүмүүсийн гэрэл, 20 мунхаг хүмүүсийн сургагч, балчир хүмүүсийн багш мөн гэж итгэдэг юм бол, 21 бусдад заагч та өөртөө яагаад заадаггүй юм бэ? Бүү хулгайл гэж номлоод та хулгайлдаг уу? 22 Бүү завхайр гэж яриад та завхайрдаг уу? Шүтээнүүдийг жигшдэг та өөрөө сүмүүдийг тонодог уу? 23 Хуулиар сайрхагч та өөрөө хуулийг зөрчсөнөөрөө Бурханыг гутааж байгаа юм биш үү? 24 Учир нь “Бурханы нэр та нараас болж харийнхны дунд доромжлогддог” гэж бичигдсэн байдаг.* 25 Хэрэв та хуулийг биелүүлбэл хозлол нь тустай. Харин та хуулийг зөрчигч бол хозлол чинь хозлол биш болдог. 26 Тиймээс хозлуулаагүй хүн хуулийн шаардлагуудыг сахивал тэр хүн хэдийгээр хозлуулаагүй ч гэсэн хозлуулсан мэт тооцогдох бус уу? 27 Хозлолыг биедээ хийлгээгүй хүн хуулийг сахивал, хуулийн бичиг болон хозлолтой атлаа хуулийг зөрчигч таныг шүүх бус уу? 28 Учир нь гаднах байдлаараа иудей байх нь иудей биш бөгөөд махбодын гаднах хозлол нь ч хозлол биш. 29 Харин доторх байдлаараа иудей байх нь иудей хүн мөн. Бичгээр бус, Сүнсээр хийлгэсэн зүрх сэтгэлийн хозлол нь хозлол мөн. Тэр хүний магтаал хүнээс бус, харин Бурханаас ирдэг юм.*
- 2:1 Мт 7:1; Лк 6:37
- 2:6 Дуу 62:12; Сур 24:12
- 2:11 Дх 10:17
- a2:16 эсвэл тунхагладаг сайнмэдээ
- 2:24 Иса 52:5 (LXX)
- 2:29 Дх 30:6