Нэг нэгнээ бүү шүү

14 1 Итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Ингэхдээ түүний үзэл бодлынх нь талаар бүү заргалд.* 2 Бүх юмыг идэж болно гэж нэг нь итгэдэг байхад сул нэг нь ургамал ногоо л иддэг. 3 Иддэг нь иддэггүйгээ бүү басамжлаг. Иддэггүй нь иддэгээ бүү шүүг. Учир нь Бурхан түүнийг хүлээн авсан билээ. 4 Тиймээс бусдын зарцыг шүүгч та хэн бэ? Зарц Эзэнийхээ өмнө зогсдог эсвэл унадаг. Эзэн түүнийг босгох чадалтай учир тэр зогсох болно. 5 Зарим нь нэг өдрийг нөгөөгөөс нь онцгойлон үздэг байхад, зарим нь өдөр бүрийг адилхан гэж үздэг. Хүн бүр өөрийн бодолдоо бат итгэлтэй байг. 6 Өдрийг бодолцогч нь Эзэний төлөө үүнийг бодолцдог. Иддэг нь Эзэний төлөө иддэг. Учир нь Бурханд тэрээр талархал өргөдөг. Иддэггүй нь Эзэний төлөө иддэггүй. Тэр ч Бурханд талархал өргөдөг юм. 7 Бидний хэн нь ч өөрийнхөө төлөө амьдардаггүй. Хэн нь ч өөрийнхөө төлөө үхдэггүй. 8 Бид амьдарлаа ч Эзэний төлөө амьдардаг. Бид үхлээ ч Эзэний төлөө үхдэг. Тиймээс амьдарсан ч, үхсэн ч бид Эзэнийх. 9 Учир нь үхсэн амьд аль алиных нь Эзэн байхын тулд, чухам үүний төлөө Христ үхээд амилсан билээ. 10 Тийн атал та юунд ах дүүгээ шүүнэ вэ? Бас та юунд ах дүүгээ басамжилна вэ? Бид бүгдээрээ Бурханы шүүх суудлын өмнө зогсох болно шүү дээ.* 11 Учир нь
“«Би амьд!
Өвдөг бүр өмнө минь сөгдөж,
Хэл бүхэн Бурханд өчиглөнө» гэж
Эзэн айлдаж байна”*
гэж бичигдсэн байгаа. 12 Тийнхүү бидний хүн бүр өөрийнхөө тайланг [Бурханд] өгөх болно.

Нэг нэгнээ бүү бүдрүүл

13 Иймд цаашид бид бие биеэ шүүхээ больё. Та нар бас ах дүүдээ бүдрүүлгийн чулуу эсвэл саад тотгор тавихгүй байя гэж шийдэгтүн. 14 Ямар ч юм өөрөө бол бузар биш, харин аливааг бузар гэж үзэгчийн хувьд л тэр нь бузар юм гэдгийг би Эзэн Есүс дотор мэдэж итгэсэн юм. 15 Хэрэв идэх юмнаас болж ах дүүгээ гомдоовол, та нэгэнт хайрын дагуу явахгүй байна. Түүний төлөө Христ үхсэн учир та түүнийг идэх юмнаас болж бүү сүйрүүл. 16 Тиймээс та нарын хувьд сайн зүйл нь бүү муугаар хэлэгдэг. 17 Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал бус, харин Ариун Сүнс доторх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан юм. 18 Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж, хүмүүсээр сайшаагдана. 19 Тиймд амар тайвныг тогтоодог болон бие биеэ босгон байгуулдаг зүйлсийг мөшгөцгөөе.a 20 Идэх юмнаас болж Бурханы ажлыг бүү нураа. Үнэндээ бүх юм цэвэр аж. Харин бусдад бүдрүүлэг болж идэх л хүний хувьд муу юм. 21 Мах идэхгүй, дарс уухгүйb эсвэл ах дүү чинь бүдэрдэг ямар нэгэн зүйлийг үйлдэхгүй байх нь сайн. 22 Та өөртөө байгаа итгэлээ Бурханы өмнө өөрийнхөө хувьд л байлга. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө ялладаггүй хүн нь ерөөлтэй еэ! 23 Харин эргэлзэгч нэг нь идэх аваас яллагдана. Учир нь тэрээр итгэлээр бус байна. Итгэлээр бус алив бүхэн нь нүгэл юм.


  • 14:1–6 Кол 2:16
  • 14:10 2Ко 5:10
  • 14:11 Иса 45:23 (LXX)
  • a14:19 Зарим гар бичмэлд: бид үргэлж зорих ёстой эсвэл бид үргэлж зорьдог
  • b14:21 Мах идэхгүй, дарс уухгүй: Онцгой үед эдгээрийг идэхгүй уухгүй байх тухай ярьж байна.