Өөрсдөдөө бус, бусдад таацуул
15 1 Хүчтэй бид өөрсдөдөө таацуулалгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой. 2 Тиймээс бид бүгд хөршөө босгон байгуулах, сайн сайхны төлөө түүнд таацуулъя. 3 Христ ч гэсэн Өөртөө таацуулаагүй. Харин “Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув” гэж бичигдсэн ёсоор байсан юм.* 4 Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн. Ингэснээр Бичвэрийн тэвчээр болон урамшууллаар дамжин бидэнд найдвар байх юм. 5 Тэвчээр ба урамшууллын Бурхан нь та нарыг Христ Есүсийн дагуу нэг бодол санаатай байлган соёрхох болтугай. 6 Ингэх нь бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханыг та нар санаа нийлж, нэгэн дуу хоолойгоор алдаршуулахын тулд юм.
Сайнмэдээ нь харийнханд ч зориулагдсан
7 Тиймээс Бурханы алдрын төлөө Христ та нарыг хүлээн авсны адил бие биеэ хүлээж авагтун. 8 Учир эцгүүдэд өгсөн амлалтуудыг батлахын тулд Бурханы үнэний төлөө Христ нь хозлуулагсдын зарц болсон гэдгийг би та нарт хэлж байна. 9 Энэ нь мөн Түүний өршөөлийнх нь төлөө харийнхан Бурханыг алдаршуулахын тулд ажээ.
“Иймд би харийнхан дунд
Танд магтаалыг өргөнө.
Таны нэрийг би магтан дуулна”
гэж бичигджээ.* 10 Тэр дахин
“Харийнхан, Түүний ард түмэнтэй хамт баярлацгаа”
гээд,* 11 мөн дахин
“Бүх үндэстнүүд ээ, Эзэнийг магтагтун.
Бүх ард түмэн
Түүнийг магтах болтугай”*
гэжээ. 12 Исаиа ч
“Иессийн үндэс гарч ирнэ.
Үндэстнүүдийг захирахаар босох Түүнд
Харийнхан найдах болно”
гэсэн юм.* 13 Найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан ба амар тайвнаар дүүргэх болтугай. Ингэснээр та нар Ариун Сүнсний хүчээр найдварт бялхах юм.
Паулын зоригтойгоор бичсэн шалтгаан
14 Ах дүү нар минь, та нарын хувьд та нар өөрсдөө аливаа сайн сайхнаар дүүрэн, бүхий л мэдлэгээр дүүргэгдсэн мөн нэг нэгнээ зааварлах чадвартай гэдэгт би итгэсэн юм. 15 Гэвч та нарт дахин сануулахын тулд зарим зүйл дээр би их зоригтойгоор бичлээ. Учир нь Бурханаас надад өгөгдсөн нигүүлслээр 16 Бурханы сайнмэдээг тунхаглах ариун үйлчлэлд Бурхан намайг харийнхны төлөөх Христ Есүсийн үйлчлэгч болгосон нь харийнхныг Ариун Сүнсээр ариусган Бурханд тааламжит өргөл болгохын тулд юм. 17 Тиймд Бурханд хамаарах зүйлсээр Христ Есүс дотор сайрхах шалтгаан надад бий. 18 Учир нь надаар дамжин Христийн хийсэн зүйлээс өөр ямар ч юмыг би ярьж зүрхлэхгүй. Тэрээр харь үндэстнүүдийг дуулгавартай байдалд авчрахын тулд үг болон үйлсээр минь бас 19 тэмдгүүд болон гайхамшгийн хүч, Бурханы Сүнсний хүчээр ажилласан тул би Йерусалимаас Иллурикум хүртэлх нутгаар Христийн сайнмэдээг бүрэн дэлгэрүүлсэн. 20 Ийнхүү би өөр хүний суурин дээр барихгүйн тулд Христийн нэр дуурсагдаагүй газарт л сайнмэдээг дэлгэрүүлэхийг эрмэлзэж байна. 21 Энэ нь
“Түүний тухай мэдээгүй хүмүүс харах болно.
Сонсоогүй хүмүүс ойлгох болно”
гэж бичигдсэнчлэн байдаг.*
Ромд айлчлах Паулын төлөвлөгөө
22 Энэ шалтгаанаас болж би та нар дээр очих гээд олонтоо саатуулагдсан билээ.* 23 Харин одоо миний хувьд эдгээр нутагт цаашид ажиллах өөр газар байхгүй. Би та нар дээр очихыг олон жилийн өмнөөс хүсэж байна. 24 Би Испани руу явах замдаа та нартай уулзаж, эхлээд түр зуур ч гэсэн та нартай нөхөрлөн баярлаж байгаад дараа нь намайг тийшээ явахад минь та нар туслах байх гэж найддаг. 25 Харин одоо би ариун хүмүүст үйлчлэхээр Йерусалимд очих гэж байна.* 26 Учир нь Йерусалимын ариун хүмүүсийн дундах ядууст зориулж хандив өгөхийг Македонынхон болон Ахайнхан таашаасан юм. 27 Тийм ээ, тэд таашаасан нь Йерусалим дахь ариун хүмүүсийн өмнө өртэйнх. Хэрэв харийнхан тэдний сүнслэг зүйлсийг хуваалцсан бол эд зүйлсээрээ тэдэнд үйлчлэх өртэй юм.* 28 Тиймд би тэдэнд цуглуулсныг нь бүрэн бүтэнa гардуулан өгсний дараа, та нарыг дайран Испани руу явна. 29 Би та нар дээр очихдоо Христийн ерөөлд бялхсаар очно гэдгээ мэднэ.
30 Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христээр болон Сүнсний хайраар би та нараас гуйя. Та нар ч миний төлөө залбиралд Бурханы өмнө хичээнгүйлэн нэгдэж, 31 намайг Иудей дэх дуулгаваргүй хүмүүсээс чөлөөлөгдөн, Йерусалим дахь миний үйлчлэл ариун хүмүүст зөвшөөрөгдөөсэй гэж гуйгаарай. 32 Ингэвэл би Бурханы хүслээр та нар дээр баяртайгаар очиж, та нарын хамт амрах болно. 33 Амар амгалангийн Бурхан та бүгдийн хамт байх болтугай. Амен.
- 15:3 Дуу 69:9
- 15:9 2См 22:50; Дуу 18:49
- 15:10 Дх 32:43
- 15:11 Дуу 117:1
- 15:12 Иса 11:10 (LXX)
- 15:21 Иса 52:15 (LXX)
- 15:22 Ром 1:13
- 15:25–26 1Ко 16:1–4
- 15:27 1Ко 9:11
- a15:28 эсвэл лац тэмдэгтэй нь