Христтэй үхэх ба амилах нь

6 1 Тэгвэл бид юу гэх вэ? Нигүүлслийг ихэсгэх гээд бид нүгэлдээ байсаар байх уу? 2 Огт үгүй! Нүглийн хувьд үхсэн бид цаашид яахан түүн дотроо амьдрах билээ? 3 Христ Есүс рүү баптисм хүртсэн бид цөмөөрөө Түүний үхэл рүү баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? 4 Бид үхэл рүү баптисм хүртсэнээрээ Түүнтэй хамт оршуулагдсан учраас, Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явах юм. * 5 Учир нь, хэрэв бид Түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол, мэдээж Түүний амилалтай нь ч адил байдалд бас холбогдох болно. 6 Бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд хуучин хүн маань Түүнтэй хамт цовдлогдсон гэдгийг бид мэддэг. Тиймээс хойшид бид нүгэлд боолчлуулахгүй. 7 Учир нь үхсэн хүн нүглээс чөлөөлөгдсөн байдаг юм. 8 Хэрэв бид Христтэй хамт үхсэн бол мөн Түүнтэй хамт амьдрах болно гэдэгтээ итгэдэг. 9 Түүнчлэн Христ үхэгсдээс амилуулагдсан тул дахиж хэзээ ч үхэхгүйг бид мэднэ. Үхэл цаашид Түүнийг захирахгүй. 10 Учир нь Тэрээр үхэхдээ нүглийн хувьд нэгмөсөн үхсэн бөгөөд харин Түүний амьдардаг амьдралын хувьд, Тэрээр Бурханд амьдардаг юм. 11 Яг түүнчлэн та нар өөрсдийгөө нүглийн хувьд үхсэн бөгөөд Бурханы хувьд Христ Есүсээр амьд байгаа гэж тооц.
12 Тиймээс биеийнхээ тачаангуй хүслүүдэд дуулгавартай байх гэдэг үхлийн биед чинь нүгэл бүү ноёрхог. 13 Биеийнхээ эрхтнүүдийг нүгэлд өргөх зүй бусын зэвсэг бүү болго. Харин үхлээс амьд болгогдсон хүмүүс мэтээр өөрсдийгөө Бурханд өргөж, биеийнхээ эрхтнүүдийг Бурханд өргөх зөвт байдлын зэвсэг болго. 14 Та нар хуулийн дор байгаа бус, харин нигүүлслийн дор байгаа тул нүгэл та нарыг захирахгүй.

Зөвт байдлын боолууд

15 Тэгвэл яах вэ? Бид хуулийн дор бус, харин нигүүлслийн дор байгаа учраас нүгэл үйлдэх үү? Огт үгүй! 16 Та нар өөрсдийгөө дуулгавартай боол болгон хэн нэгэнд өгөхдөө үхэлд хүргэх нүгэл ч бай эсвэл зөвт байдалд хүргэх дуулгавар ч бай, дагаж буй нэгнийхээ боол нь болдгоо мэдэхгүй гэж үү? 17 Харин талархал нь Бурханд байг. Яагаад гэвэл та нар нүглийн боолууд байсан боловч өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулгавартай болж, 18 нүглээс чөлөөлөгдөн зөвийн боолууд болсон. 19 Та нарын махбод сул дорой тул би хүний ёсоор хэлж байна. Та нар өөрсдийн эрхтнүүдийг ёс бус явдалд хүргэх цэвэр бус, ёс бусын боол болгон өргөж байсан бол одоо өөрсдийн эрхтнүүдийг ариусалд хүргэх зөвт байдлын боол болгож өргө. 20 Учир нь та нар нүглийн боол байхдаа зөвт байдлаас ангид байсан. 21 Тэгэхэд та нар одоо ичиж байгаа зүйлсээсээ ямар үр жимс авсан бэ? Үнэндээ тийм зүйлсийн төгсгөл бол үхэл юм. 22 Харин одоо та нар нүглээс чөлөөлөгдөж, Бурханы боол болсон бөгөөд ариусалд хүргэх үр жимс авдаг. Төгсгөл нь мөнх амь билээ. 23 Нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь юм.


  • 6:4 Кол 2:12