Сүнсээр дамжих амь

8 1 Тэгэхээр одоо Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял үгүй. 2 Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайгa нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ. 3 Махбодоор дамжин мөхөс болсон хуулийн хийж чадаагүй юмыг Бурхан хийжээ. Нүглийг шийдэхийн тулд Өөрийн Хүүг нүгэлт махбодтой адил байдалд илгээн, махбод дотор нүглийг яллажээ. 4 Ингэснээр хуулийн шаардлага нь махбодын дагуу бус, харин Сүнсний дагуу явагч бидэнд биелэгдэх юм. 5 Яагаад гэвэл махбодын дагуух нь махбодынхыг, Сүнсний дагуух нь Сүнсний юмсыг боддог. 6 Махбодын бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван. 7 Махбодын бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Яагаад гэвэл энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй. 8 Махбодынхоор байгсад Бурханд таашаагдаж чадахгүй. 9 Хэрэв Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал, та нар махбод дотор бус, харин Сүнс дотор байна. Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй бол тэр Түүнийх биш. 10 Хэрэв Христ та нарын дотор байгаа бол, нүглээс болж бие чинь үхмэл хэдий ч, зөвт байдлын улмаас Сүнс амьb чинь болжээ. 11 Мөн үхэгсдээс Есүсийг амилуулсан Нэгэний Сүнс та нарын дотор оршвоос, Христийг үхэгсдээс амилуулсан Тэрээр та нарын дотор оршдог Өөрийн Сүнсээр дамжуулан үхлийн биест чинь амь өгнө.*
12 Тиймд ах дүү нар аа, бид өртнүүд мөн боловч махбодын дагуу амьдрахын төлөө байдаг махбодын өртнүүд биш ээ. 13 Хэрэв та нар махбодын дагуу амьдарвал үхнэ. Харин та нар Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьдрах болно. 14 Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа хүн бүр Бурханы хөвгүүд юм. 15 Та нар дахин айдаст хүргэх боолчлолын сүнсийг хүлээн аваагүй, харин үрчлэлийн Сүнсийг авсан билээ. Түүгээр бид “Ааба аа! Аав минь!” гэж дууддаг.* 16 Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. 17 Тиймээс хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд бид Түүнтэй хамт зовдог тул, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран өв залгамжлагчид юм.

Ирээдүйн алдар

18 Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог. 19 Учир нь Бурханы хөвгүүдийн илчлэгдэхийг бүтээл нь тэсэж ядан хүлээдэг юм. 20 Яагаад гэвэл бүтээл өөрийнхөө хүслээр бус, харин өөрийг нь захирсан Түүний улмаас хоосонд захирагдсан боловч* найдвар дотор 21 бүтээл өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд очих юм. 22 Өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлон эдэлдгийг бид мэднэ. 23 Зөвхөн бүтээл ч биш, Сүнсний анхны үр жимсийг авсан бид ч өөрсдөө бас дотроо ёолж, биднийг үрчилж авахыгc буюу биеийг маань золин аврахыг тэсэж ядан хүлээдэг.* 24 Бид ийм л найдвар дотор аврагдсан. Тэгээд ч харагдаж байгаа найдвар нь найдвар биш юм. Хүн харж буй зүйлдээ найдахын хэрэг юу байна? 25 Харин бид харахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийгээ тэсэж ядан хүлээдэг.
26 Түүнчлэн Сүнс бас бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг. 27 Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг Нягтлагч нь мэддэг. Тиймээс Бурханы хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө Сүнс зуучлан гуйдаг юм. 28 Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ.d 29 Тэр Өөрийн Хүүг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд, урьдаас мэдсэн хүмүүсээ Түүний дүртэй адил болгохоор урьдаас тогтоосон юм. 30 Тэрээр урьдаас тогтоосон хүмүүсээ дуудсан, дуудсан хүмүүсээ зөвтгөсөн, зөвтгөсөн хүмүүсээ алдаршуулсан.

Христ Есүс доторх Бурханы хайр

31 Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ? 32 Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ? 33 Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? Бурхан бол зөвтгөгч Нэгэн мөн. 34 Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд буй агаад бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм. 35 Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, шахалт уу, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэрэл үү, аюул уу, илд үү?
36 “Таны төлөө бид
Бүхэл өдөржингөө хядуулжээ.
Нядлагдах хонь мэтээр бид тооцогджээ”
гэж бичигдсэн байдаг.* 37 Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан бүрэн ялдаг. 38 Учир нь үхэл ч, амь ч, тэнгэрэлч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, 39 өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна.


  • a8:2 Зарим гар бичмэлд: намайг заримд нь биднийг
  • b8:10 эсвэл сүнс чинь амьд
  • 8:11 1Ко 3:16
  • 8:15 Мк 14:36; Гал 4:6
  • 8:20 Эх 3:17–19
  • c8:23 Зарим гар бичмэлд: Түүний хүүхдүүд болгохыг
  • 8:23 2Ко 5:2–4
  • d8:28 эсвэл: Өөрийг нь хайрладаг хүмүүстэй хамт Бурхан бүх юмсын дотор сайны төлөө ажилладаг.
  • 8:36 Дуу 44:22