Хувийн мэндчилгээ

16 1 Кенхрей дэх чуулганы үйлчлэгч Фойбе эгчийгээ би та нарт онцлон таниулж байна. 2 Ариун хүмүүст зохих ёсоор түүнийг Эзэн дотор хүлээн авч, түүнд хэрэг болох аливаа юманд нь та нар туслаарай. Тэр өөрөө олон хүнд мөн надад ч халамжлагч болж байгаа юм.
3 Христ Есүс дотор надтай хамтран зүтгэгч Приска, Акул нарт мэнд хүргээрэй.* 4 Тэд миний амийн төлөө өөрсдийгөө үхлийн аюулд оруулсан билээ. Тэдэнд ганц би ч биш мөн харийнхны бүх чуулган талархдаг юм. 5 Тэдний гэрийн чуулганд болон мөн Христ рүү эргэсэн Азийн анхны хүн болох миний хайрт Епайнетад мэнд хүргээрэй. 6 Та нарын төлөө ихэд зүтгэсэн Мариад мэнд хүргээрэй. 7 Миний садан, надтай хамт хоригдол байсан Андроник, Иуниа нарт мэнд хүргээрэй. Тэд элч нарын дунд нэр цуутай нь бөгөөд надаас ч өмнө Христийн дотор байсан юм. 8 Эзэн доторх миний хайрт Амплиатад мэнд хүргээрэй. 9 Христ доторх бидэнтэй хамтран зүтгэгч Урбан, миний хайрт Стах нарт мэнд хүргээрэй. 10 Христ дотор сайшаагдсан Апелд мэнд хүргээрэй. Аристобулын гэрийнхэнд мэнд хүргээрэй. 11 Миний садан Херодионд мэнд хүргээрэй. Эзэн дотор байгч Наркиссын гэрийнхэнд мэнд хүргээрэй. 12 Эзэн дотор зүтгэгч Труфайна Труфоса нарт мэнд хүргээрэй. Эзэн дотор ихэд зүтгэсэн хайрт Персист мэнд хүргээрэй. 13 Эзэн дотор сонгогдсон Руфт мэнд хүргээрэй. Надад ээж болсон түүний ээжид бас мэнд хүргээрэй.* 14 Асункрит, Флегон, Хермес, Патроб болон Хермас нарт бас тэдэнтэй хамт байгаа ах дүүст мэнд хүргээрэй. 15 Филолог болон Иулиа, Нере болон түүний эмэгтэй дүү мөн Олумп ба тэдэнтэй хамт байгч бүх ариун хүмүүст мэнд хүргээрэй. 16 Бие биедээ ариун үнсэлтээр мэнд хүргээрэй. Христийн бүх чуулган та нарт мэнд хүргэж байна.

Сүүлийн зааварчилгаа

17 Ах дүү нар аа, та нарын сурсан сургаалын эсрэг хагарал, саад тотгор гаргагч хүмүүсээс сэрэмжлээрэй хэмээн би ятгаж байна. Тэднээс холдогтун. 18 Тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийнхөө ходоодонд боолчлогддог юм. Тэд ялдам зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг. 19 Харин та нарын дуулгавартай байдал бүгдэд дуулдсан билээ. Тиймээс би та нарын талаар баярладаг. Гэхдээ та нарыг сайнд мэргэн, харин мууд гэмгүй байгаасай гэж хүсэж байна. 20 Амар тайвны Бурхан та нарын хөл дор Сатаныг удахгүй няцална. Бидний Эзэн Есүсийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.b
21 Надтай хамтран зүтгэгч Тимот мөн миний садан болох Луки, Иасон болон Сосипатр нар та нарт мэнд хүргэж байна.* 22 Энэхүү захиаг бичиж буй Терт биc та нарт Эзэн дотор мэнд хүргэе. 23 Намайгd болон бүх чуулганыг зочлогч гэрийн эзэн Гаи та нарт мэнд хүргэж байна. Хотын сан хөмрөгийн нярав Ераст, дүү Куарт нар та нарт мэнд хүргэж байна.* 24 [Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай. Амен.]e
25 Миний тунхагласан сайнмэдээ болон Есүс Христээр дамжуулан, Бурхан өнө эртний турш нууцлагдаж байсан нууцыг та нарт илчилж, та нарыг батжуулна. 26 Тэр нууц нь эдүгээ илэрхий болж мөнх Бурханы тушаалын дагуу эш үзүүлэгчдийн Бичвэрүүдээр дамжин бүх үндэстэнд мэдэгдэж, тэд итгэн дуулгавартай дагах болжээ. 27 Цорын ганц мэргэн Бурханд, Есүс Христээр алдар нь үүрд мөнх байх болтугай. Амен.f


  • 16:3 Үйл 18:2
  • а16:7 эсвэл Иуниас Зарим гар бичмэлд: Иулиа
  • 16:13 Мк 15:21
  • b16:20 Зарим гар бичмэлд ерөөл бүхий энэ өгүүлбэр байхгүй.
  • 16:21 Үйл 16:1
  • c16:22 Паулын дуудаж өгснийг бичсэн, эсвэл хуулсан хүн өөрийгөө дурдаж байна.
  • d16:23 Паулын үгс эндээс үргэлжилж байна.
  • 16:23 Үйл 19:29; 1Ко 1:14; 2Тм 4:20
  • e16:24 Зарим гар бичмэлд энэ өгүүлбэр байхгүй.
  • f16:27 25–27-р эшлэл нь Зарим гар бичмэлд энэ бүлгийн төгсгөлд болон 14:23-р эшлэлийн ард бас байдаг бол заримд нь зөвхөн 14:23-р эшлэлийн ард байдаг. Нэгэн гар бичмэлд эл хэсгийг 15:33-р эшлэлийн ард оруулсан байдаг.