Итгэгчид хуулийн хувьд үхсэн

7 1 Ах дүү нар аа, (хуулийг мэдэгчдэд би хэлж байна) хүнийг амьд байгаа үед л хууль хүнийг захирдаг гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? 2 Гэрлэсэн эмэгтэй нөхрөө амьд байх үед нь нөхөртэйгөө хуулиар холбогдсон байдаг. Харин нөхөр нь өөд болбол тэр эмэгтэй нөхрийн талаарх хуулиас чөлөөлөгдөнө. 3 Тиймээс нөхрөө амьд байхад тэр эмэгтэй өөр эртэй нийлбэл завхай эм гэгдэнэ. Харин нөхөр нь өөд болбол тэр хуулиас чөлөөлөгдөх бөгөөд тэрээр өөр эртэй нийлсэн ч завхай эм биш юм. 4 Түүнчлэн ах дүү нар минь, та нар Христийн биеэр дамжин хуулийн хувьд үхсэн. Ингэхдээ Бурханы төлөө үр жимс гаргахын тулд үхэгсдээс амилсан өөр Нэгэнтэй та бид холбогдсон юм. 5 Учир нь биднийг махбодод байхад хуулиар сэргээгдсэн нүгэлт хүсэл тачаалууд нь үхэлд хүргэх үр жимс ургуулахын тулд бидний эрхтнүүдэд ажиллаж байлаа. 6 Харин бид нар хүлүүлж байсан тэрхүү хуулийн хувьд үхэж, түүнээс чөлөөлөгдсөн тул одоо судар бичгийн хуучрал дотор бус, харин Сүнсний шинэчлэл дотор үйлчилдэг юм.

Хууль ба гэм нүгэл

7 Тэгвэл бид юу ярих вэ? Хууль нь нүгэл үү? Огт үгүй! Гэхдээ хуулиар биш бол би нүглийг мэдэхгүй байх байсан. Хэрэв хууль “Чи бүү шунахайр” гэж хэлээгүй байсан бол би шунахайрлын учрыг мэдэхгүй байхсан.* 8 Харин нүгэл нь тушаалаар шалтаглаж миний дотор зүсэн бүрийн шунахайрлыг төрүүлсэн юм. Учир нь хууль үгүй бол нүгэл нь үхмэл. 9 Нэгэн цагт би хуульгүйгээр амьд байлаа. Гэтэл тушаал ирснээр нүгэл амилж, би үхэв. 10 Тэгээд би амийг амласан тушаал нь үхэлд хүргэдгийг мэдлээ. 11 Учир нь тушаалаар шалтаглаж нүгэл намайг мэхэлсэн бөгөөд намайг түүгээр алсан.* 12 Угтаа хууль бол ариун, бас тушаал ч ариун, зөв бөгөөд сайн юм.
13 Гэтэл энэхүү сайн нь надад үхлийг авчирсан уу? Огт үгүй. Харин нүгэл нь энэхүү сайныг ашиглан миний дотор үхлийг ажиллуулсан юм. Ингэснээр нүгэл нь нүгэл хэмээн харагдаж, тушаалаар дамжин туйлын нүгэл болов.

Дотоод зөрчил

14 Хууль нь сүнслэг гэдгийг бид мэддэг. Харин би махбодынх бөгөөд нүглийн боолчлолд худалдагдсан. 15 Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Яагаад гэвэл би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна.* 16 Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол, хуулийг сайн гэдгийг өөрөө зөвшөөрч буй юм. 17 Тиймээс эдүгээ үүнийг үйлдэж байгаа нь би биш, харин миний дотор оршин байгч нүгэл юм. 18 Учир нь миний дотор буюу махбодод минь ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Яагаад гэвэл миний дотор сайныг хийх хүсэл байвч хийж чаддаггүй. 19 Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг. 20 Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол эдүгээ үүнийг үйлдэж байгаа нь би биш, харин миний дотор оршин байгч нүгэл юм. 21 Ингээд сайныг үйлдэхийг хүсдэг миний дотор муу муухай нь байдаг гэсэн хуулийг би олж мэдлээ. 22 Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг. 23 Гэвч эрхтнүүдэд минь өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг эрхтнүүдэд минь байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна. 24 Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? 25 Бидний Эзэн Есүс Христээр талархал нь Бурханд байх болтугай! Тэгэхээр би нэг талаар Бурханы хуульд оюун ухаанаараа үйлчилдэг боловч, нөгөө талаар нүглийн хуульд махбодоороо үйлчилдэг аж.


  • 7:7 Гэт 20:17; Дх 5:21
  • 7:11 Эх 3:13
  • 7:15 Гал 5:17