Абрахам үйлсээс ангид зөвтгөгдсөн

4 1 Тиймд махбодоороо өвөг маань болсон Абрахам юуг олсон гэж бид хэлэх вэ? 2 Хэрэв Абрахам үйлсээрээ зөвтгөгдсөн бол тэр сайрхах юмтай. Гэхдээ Бурханы өмнө биш. 3 Бичвэр юу гэдэг вэ? “Абрахам, Бурханд итгэсэн. Үүгээр нь түүнийг зөвд тооцсон” гэдэг.* 4 Ажилладаг хүний хувьд цалин нь өглөг бус, харин төлбөр гэж тооцогдоно. 5 Харин үйлсгүй хүний хувьд итгэл сүсэггүй хүнийг зөвтгөдөг Түүнд итгэвэл түүний итгэл нь зөвд тооцогддог. 6 Түүнчлэн бас үйлсгүйгээр Бурханд зөв гэж тооцогдсон хүний ивээгдсэнийг Давид
7 “Ёс бус явдал нь уучлагдаж,
Нүглүүд нь далдлагдсан нэгэн ерөөлтэй.*
8 Нүглийг нь Эзэн үл тооцох тэр хүн ерөөлтэй”
гэжээ. 9 Тэгвэл энэ ерөөл нь хозлуулсан хүмүүст хамаатай юу? Эсвэл хозлуулаагүй хүмүүст хамаатай юу? Учир нь бид “Абрахамыг итгэлээр нь зөвд тооцсон” гэж ярьдаг. 10 Тийм бол яаж тийнхүү тооцуулсан юм бэ? Хозлуулсны дараа юу, эсвэл хозлуулахын өмнө үү? Хозлуулсны дараа бус, хозлуулахаас өмнө юм. 11 Абрахам хозлуулаагүй байх үедээ итгэлийнхээ зөвийн тамгаар хозлолын тэмдгийг хүлээн авчээ. Ингэсэн нь түүнийг хозлуулалгүй итгэдэг бүх хүний эцэг болгож, тэднийг зөвд тооцуулахын тулд ажээ.* 12 Мөн бидний эцэг Абрахамд хозлолоос нь өмнө байсан итгэлийн мөрөөр мөшгөгч хозлуулсан хүмүүст тэрээр хозлолын эцэг болсон.

Бурханы амлалт итгэлээр биелнэ

13 Ертөнцийг өвлөх болно хэмээн Абрахам ба түүний үр удамд өгсөн амлалт нь хуулиар бус, харин итгэлийн зөвт байдлаар иржээ. * 14 Хэрэв хуулиар байгсад л өв залгамжлагч болох юм бол итгэл нь хоосон, амлалт нь хүчингүй байх байсан.* 15 Гэвч хууль уур хилэнг авчирдаг. Харин хаана хууль үгүй байна, тэнд бас зөрчил гэж үгүй. 16 Тиймээс нигүүлслийн дагуу байхын тулд тэр амлалт итгэлээр ирдэг юм. Ингэснээр тэрхүү амлалт нь бүх үрд, зөвхөн хуулийн үр удамд төдийгүй мөн Абрахамын итгэлийн үрд ч баталгаатай байх юм. Абрахам нь* 17 үхэгсдийг амилуулагч, байхгүйг байгаагаар дуудагч, өөрийн итгэсэн Бурханы өмнө бид бүгдийн эцэг юм. (Энэ нь “Би чамайг олон үндэстний эцэг болгосон” гэж бичигдсэнчлэн ажээ.) * 18 Найдах аргагүй үед тэрээр найдан итгэсэн тул “Үр удам чинь ийм олон болно” гэж урьд нь түүнд айлдсан ёсоор тэрээр олон үндэстний эцэг болсон юм.* 19 Тэр зуугаад насалсан тул бие нь нэгэнт үхширснийг болон Сарагийнх нь умай ч үхмэл болсныг мэдсэн хэдий ч итгэлээр доройтсонгүй.* 20 Бурханы амлалтын талаар тэрээр үл итгэн тээнэгэлзэх бус, харин ч итгэлээр хүчирхэгжиж, Бурханд алдрыг нь өргөн, 21 амласнаа биелүүлэх чадвартайд нь бүрэн итгэж байлаа. 22 Тиймээс итгэлээр нь “түүнийг зөвд тооцсон” ажээ.* 23 “Тэр ийн тооцогдсон” гэсэн нь зөвхөн түүний төлөө бичигдсэн бус, 24 харин Эзэн Есүсийг маань үхэгсдээс амилуулсан Түүнд итгэсэн бидний ч төлөө билээ. 25 Бидний хилэнцээс болж Есүс тушаагдсан бөгөөд биднийг зөвтгөхийн төлөө Есүс амилсан юм.*


  • 4:3 Эх 15:6; Гал 3:6
  • 4:7–8 Дуу 32:1–2
  • 4:11 Эх 17:10
  • 4:13 Эх 17:4–6, 22:17–18; Гал 3:29
  • 4:14 Гал 3:18
  • 4:16 Гал 3:7
  • 4:17 Эх 17:5
  • 4:18 Эх 15:5
  • 4:19 Эх 17:17
  • 4:22 Эх 15:6
  • 4:25 Иса 53:4–5