Саулын ёс бус өргөл

13 1 Саул идэрa насандаа хаан болж Израилыг хоёр жил захирчээ. 2 Саул өөртөө Израилаас гурван мянган эрийг сонгон авснаас хоёр мянга нь түүнтэй хамт Михмаш болон Бетелийн ууланд байсан ба нөгөө нэг мянга нь Ионатантай хамт Бениамины Гибеад байв. Харин үлдсэн хүмүүсийг тэр өөр өөрсдийнх нь майхан руу буцааж явуулав. 3 Ионатан Гебад байсан филистчүүдийн харуулын ангийгb цохисон бөгөөд филистчүүд ч үүнийг сонсов. Тэгэхэд Саул орон даяар эвэр бүрээ үлээж
—Еврейчүүд сонсогтун! гэж зарлав. 4 Саул филистчүүдийн харуулын ангийг цохиж, филистчүүд Израилыг жигшин зэвүүцэх болсон нь бүх Израилд дуулдаж, ард олон Гилгалд байгаа Саул дээр дуудагдан цугларав.
5 Филистчүүд Израилтай байлдахаар цугласан нь гучин мянган тэрэгт цэрэг, зургаан мянган морин цэрэг ба далайн эргийн элс мэт тоо томшгүй олон явган цэрэг байв. Тэд ирж, Бет-Авены зүүн зүгт Михмашт хуарагнав. 6 Израилчууд аюулд орсноо (цэргүүд хүчтэй шахагдсаны улмаас) хараад агуй, бут сөөг, хавцал, газар доорх нүх, худагт нуугдав. 7 Мөн еврейчүүдийн зарим нь Йорданыг гаталж, Гад болон Гилеадын нутагт очжээ. Харин Саул Гилгалд байсаар, түүнтэй цуг байсан ард олон айн дагжиж байлаа.
8 Самуелын тогтоосон хугацаа ёсоор Саул долоо хоног хүлээсэн боловч Самуел Гилгалд ирсэнгүй. Ард олон түүнийг орхин тарцгааж байв.* 9 Тэгэхэд Саул
—Шатаалт тахил болон эвийн тахилуудыг надад энд авчрагтун гэв. Тэгээд тэр шатаалт тахил өргөв. 10 Үзэгтүн, түүнийг шатаалт тахил өргөж дуусмагц Самуел ирэв. Саул түүнийг угтан мэндчилэхээр гарчээ. 11 Харин Самуел
—Та юу хийчхэв ээ? гэсэнд Саул
—Ард олон намайг орхин тарцгаахыг би харж бас та ч тогтоосон хугацаандаа ирсэнгүй, филистчүүд ч Михмашт цугларсан тул 12 “Филистчүүд Гилгалд миний эсрэг одоохон ирэх нь, бас ЭЗЭНий тааллыг би гуйгаагүй байна” гээд би өөрийгөө хүчилж, аргагүй шатаалт тахил өргөв гэж хариулав. 13 Самуел, Саулд
—Та мунхаг хэрэг үйлдэв. Та ЭЗЭН Бурханыхаа танд тушаасан зарлиг тушаалыг сахисангүй. Ингээгүйсэн бол ЭЗЭН таны хаанчлалыг Израилд мөнхөд тогтоох байсан. 14 Гэвч одоо таны хаанчлал үргэлжлэхгүй. Та ЭЗЭНий тушаасныг биелүүлээгүй учраас ЭЗЭН зүрх сэтгэлдээ нийцсэн хүнийг хайн олж, тэр хүнийг Өөрийн ард түмний удирдагч болгон томилсон гэв.*
15 Тэгээд Самуел хөдөлж, Гилгалаасc Бениамины Гибеа руу өгсөж очив.

Тулааны бэлтгэл

Саул өөртэйгөө хамт байгаа хүмүүсийг тоолбол зургаан зуугаад эрчүүд байв. 16 Саул, түүний хүү Ионатан ба тэдэнтэй хамт байсан хүмүүс Бениамины Гебад байхад филистчүүд Михмашт хуарагнан буусан байв. 17 Довтлогч цэргүүд филистчүүдийн хуарангаас гурван анги болон хуваагдаж гарав. Нэг анги нь Офрагийн замаар, Шуалын газар луу эргэн 18 нөгөө анги нь Бет-Хороны зам руу эргэн бас нэг анги нь цөлийн зүгт буй Зебоимын хөндийн хязгаар зам руу эргэн явжээ.
19 Израилын бүх нутаг даяар төмрийн дархан олддоггүй байв. Учир нь филистчүүд “Еврейчүүд өөрсдөө илд, жад хийх вий” гэдэг байжээ. 20 Тиймээс бүх Израил анжис, зээтүү, сүх, хадуураа ирлүүлэхийн тулд филистчүүд рүү очдог байлаа. 21 Анжис, зээтүү ирлэж засахад шекелийн гуравны хоёр, харин сүх, сэрээ ирлэхэд шекелийн гуравны нэгтэй тэнцэх үнийг төлдөг байв. 22 Тулалдааны өдөр Саул болон Ионатантай хамт байсан ард олны хэнийх нь ч гарт илд ч, жад ч байсангүй. Харин Саул болон түүний хөвгүүн Ионатанд л байв.

Ионатан гайхагдаж филистчүүд ялагдав

23 Филистчүүдийн харуулын анги Михмашийн гармаар гарлаа.


  • a13:1 Энэ утга тодорхой бус.
  • b13:3 эсвэл филистчүүдийн цэргийн захирагчийг эсвэл хуаранг
  • 13:8 1См 10:8
  • 13:14 Үйл 13:22
  • c13:15 ЭЗО: Гилгалаас явах замдаа