14 1 Тэр өдөр Саулын хөвгүүн Ионатан зэвсэг үүрэгч залуудаа
—Явцгаая, нөгөө талд байгаа филистчүүдийн харуулын анги руу гатлан очъё гэж хэлэв. Харин Ионатан үүнийг эцэгтээ мэдэгдсэнгүй. 2 Саул Гибеагийн зах газар Мигрон дахь анар модны дор сууж байв. Ард олноос түүнтэй хамт зургаан зуу орчим хүн байлаа. 3 Шило дахь ЭЗЭНий тахилч байсан Елигийн гуч, Финехасын ач, Ихабодын ах Ахитубын хөвгүүн Ахиа ефод зүүдэг байжээ. Ионатаны явсныг хүмүүс мэдээгүй байлаа. 4 Филистчүүдийн цэргийн харуулын анги руу Ионатаны гатлан очих гэсэн гармын нэг талд нь эгц хадан хавцал мөн нөгөө талд нь ч эгц хадан хавцал байсан ба нэг талыг нь Бозез, нөгөө талыг Сене гэдэг байжээ. 5 Нэг тал нь Михмашийн харалдаа хойд зүгт, нөгөө талын хавцал нь Гебагийн харалдаа өмнөд зүгт байв.
6 Ионатан өөрийн зэвсэг үүрэгч залуудаа
—Явцгаая. Эдгээр хозлуулаагүй хүмүүсийн цэргийн харуулын анги руу гатлан очъё. ЭЗЭН бидний төлөө ажиллаж магадгүй. Хүний олон цөөнөөр ЭЗЭН авардаггүй юм гэж хэлэв. 7 Зэвсэг үүрэгч нь түүнд
—Зүрхэн дэх бүхнээ үйлдэгтүн. Үзтүгэй, таны зүрхний хүслээр тантай би хамт байна гэв. 8 Тэгэхэд Ионатан
—Харагтун, бид тэр хүмүүс рүү гатлан очиж, тэдэнд өөрсдийгөө мэдэгдэнэ. 9 Хэрэв тэд бидэнд “Бид та нар луу хүрч очтол бүү хөдлөгтүн” гэж хэлбэл, бид байсан газартаа байж, тэдэн дээр өгсөж очихгүй. 10 Харин тэд “Бидэн дээр ирэгтүн” гэвэл, бид өгсөн очъё. ЭЗЭН тэднийг бидний гарт өгсөн билээ. Энэ нь бидэнд тэмдэг болог гэж хэлэв. 11 Тэр хоёр филистчүүдийн цэргийн харуулын ангийн өмнө өөрсдийгөө мэдэгдэхэд филистчүүд
—Харагтун. Еврейчүүд нуугдаж байсан нүхнүүдээсээ гарч ирж байна гэв. 12 Тэгээд харуулын эрчүүд Ионатан ба түүний зэвсэг үүрэгч нарын хариуд
—Бидэн дээр ирэгтүн. Бид та нарт нэг юм заажa өгье! гэв. Ионатан зэвсэг үүрэгчдээ
—Намайг дагаад явагтун. Учир нь ЭЗЭН тэднийг Израилын гарт өгөв гэв. 13 Тэгээд Ионатан дөрвөн мөчөөрөө авирч, түүний зэвсэг үүрэгч араас нь дагав. Филистчүүд Ионатаны өмнө унаж, зэвсэг үүрэгч нь ч мөн түүний араас заримыг нь алав. 14 Эхний дайралтаараа Ионатан зэвсэг үүрэгчтэйгээ хамт акрb шангийн хагас хэрийн талбайд хорин хүнийг алав. 15 Хуаранд ч, хээр талд ч, бүх хүмүүсийн дунд айдас нөмрөв. Харуулын анги ба довтлогч цэргүүд айн цочирдов. Тэгэхэд газар доргиж Бурханы аюумшиг бий болов.
16 Харагтун, нааш цааш оволзон шаагилдсан хөл үймээнийг Бениамины Гибеад байгаа Саулын харуулууд харав. 17 Саул хамт байсан хүмүүстээ
—Тоогоо авагтун. Бидний дундаас хэн гарч явсныг хар гэж хэлэв. Тэгээд жагстал, харагтун, Ионатан болон түүний зэвсэг үүрэгч алга байжээ. 18 Саул Ахиад
—Бурханы авдрыгc энд авчрагтун гэв. Тэр үед Бурханы авдар Израилын хөвгүүдийн дэргэд байв.d 19 Саулыг тахилчтай ярилцаж байх зуур филистчүүдийн цэргийн хуаран дахь үймээн үргэлжлэн улам ихсэв. Тиймээс Саул тахилчид
—Одоо больe гэж хэлэв. 20 Саул ба түүнтэй хамт байсан бүх хүмүүс нэгдэн цуглаж, тулалдааны талбар дээр очив. Тэгтэл филист хүн бүр нэг нь нөгөөгийнхөө эсрэг илд зөрүүлж, тэнд маш их үймээн самуун болж байв. 21 Өмнө нь филистчүүдийн талд орж, тэдэнтэй хамт нэг хуаранд байсан зүг зүгийн еврей хүмүүс хүртэл Саул болон Ионатаны израилчуудтай хамтрахаар эргэцгээв. 22 Ефраимын ууланд нуугдаж байсан израил хүмүүс ч филистчүүдийн зугтсаныг сонсоод бүгд тулалдаанд орж, филистчүүдийг гэзэг даран хөөв. 23 Ингээд тэр өдөр ЭЗЭН Израилыг аварч, тулалдаан Бет-Авенаас ч цааш үргэлжлэв.

Саулын бодлогогүй тангараг

24 Тэр өдөр Израилын эрчүүд ихэд туйлджээ. Учир нь Саул ард олноор андгайлуулан
—Оройноос өмнө, намайг дайснаасаа өшөө авах хүртэл хоол идсэн аливаа хүн хараагдах болтугай! гэсэн байв. Тиймээс ард олноос хэн ч хоол амссангүй. 25 Хүмүүсийг ой руу ортол тэнд газар сайгүй зөгийн бал байв. 26 Ард олон зөгийн үүр лүү очиход, харагтун, зөгийн бал дусалж байсан боловч нэг ч хүн гараа хүргэн амандаа хийсэнгүй. Учир нь хүмүүс тангаргаас айж байв. 27 Эцэг нь ард олныг тангараглуулсныг харин Ионатан сонсоогүй байжээ. Тиймээс гартаа барьсан таягийн үзүүрийг зөгийн балын сархинагт дүрж, гараа амандаа хийхэд нүд нь гэрэлтэв. 28 Тэгэхэд хүмүүсийн нэг нь
—Таны эцэг ард олныг хатуу тангараглуулан “Өнөөдөр хоол идсэн хүн хараагдах болтугай” гэсэн билээ. Ийнхүү ард олон туйлдав гэлээ. 29 Тэгэхэд Ионатан
—Миний эцэг энэ улсын үйлийг нь үзжээ. Би энэ зөгийн балаас жаахан амсахад миний нүд яаж гэрэлтэж байгааг хар даа. 30 Өнөөдөр хүмүүс дайснаас олж авсан олзноосоо дураараа идсэн байсан ч болоосой. Тэгвэл бүр ч олон филист алагдах байсан биш үү? гэж хэлэв.
31 Тэд тэр өдөртөө филистчүүдийг Михмашаас Аиалон хүртэл цохив. Ард олон ихэд туйлдсан байлаа. 32 Тиймээс хүмүүс олзны юмс руу дайрч, хонь, үхэр, тугалыг барьж, газар дээр нядлан тэдгээрийг цустай нь идэв. 33 Тэгэхэд Саулд
—Харагтун, хүмүүс цустай нь идсэнээрээ ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж байна гэж дуулгав. Саул
—Та нар итгэл эвдлээ. Одоохонf над руу бул чулуу өнхрүүлж авчрагтун гэв.* 34 Саул
—Ард олон дундуур таран явж, тэдэнд ийн хэлэгтүн. “Та нар өөр өөрсдийн үхэр, хонийг над руу авчирч, энд түүнийг нядалж идэгтүн. Цустай нь идэж ЭЗЭНий эсрэг нүгэл бүү үйлдэгтүн” гэж хэл гэв. Ийнхүү бүх хүмүүс тэр шөнө өөр өөрсдийн үхрийг авчирч, тэнд нядалжээ. 35 Саул ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгов. Энэ нь түүний ЭЗЭНд зориулан босгосон анхны тахилын ширээ байлаа.

Ионатан үхлийн аюул дор

36 Саул
—Филистчүүдийг шөнөжин хөөж, үүр цайтал тэднийг цөлмө. Тэднээс нэг ч хүн бүү үлдээ гэхэд тэд
—Та тааллаараа л бологтун гэв. Тиймээс тахилч
—Энд Бурханд ойртоцгооё гэв. 37 Саул, Бурханаас асуун
—Би филистчүүдийн араас явах уу? Та тэднийг Израилын гарт өгөх үү? гэж лавлав. Гэвч Бурхан тэр өдөр Саулд хариулсангүй. 38 Саул
—Ард олны бүх удирдагчид аа, энд ойртон ирэгтүн. Өнөөдөр яагаад ингэсний бурууг мэдтүгэй, хартугай! 39 Израилыг авардаг Бурхан амьд! Буруутан нь миний хөвгүүн Ионатан байлаа ч, тэр нь заавал үхэх ёстой гэв. Гэтэл ард олны дотроос түүнд хариулах нэг ч хүн байсангүй. 40Саул бүх Израилд

—Та нар нэг талд зогсогтун. Би өөрийн хөвгүүн Ионатантай хамт нөгөө талд гаръя гэхэд ард олон Саулд
—Та тааллаараа л бол! гэв. 41 Саул Израилын Бурхан ЭЗЭНд
—Буруутныг нь буулгаж өгөөчg * гэв. Ионатан Саул хоёр тунаж, ард олон мултрав. 42 Тэгээд Саул
—Миний хөвгүүн Ионатан бид хоёрын дунд шавга хая гэхэд, Ионатан тунаж үлдэв. 43 Саул, Ионатанд
—Юу үйлдсэнээ надад хэлэгтүн гэхэд Ионатан түүнд
—Би гартаа байсан таягийн үзүүр дэх жаахан зөгийн балыг зүгээр л амссан. Тиймээс одоо би үхэх ёстой гэв. 44 Саул
—Ионатан! Чи гарцаагүй үхэх ёстой. Эс бөгөөс ЭЗЭН намайг шийтгэг, бүр ч илүүг үйлдэг гэж хэлэв. 45 Гэвч ард олон Саулд
—Энэ агуу их ялалтыг Израилд авчирсан Ионатан үхэх гэж үү? Энэ нь хол байг. ЭЗЭН амьд! Түүний толгойн ганц ширхэг үс ч газарт бүү унаг. Учир нь тэр өнөөдөр Бурхантай хамт үүнийг үйлдэв гэлцэв. Ийнхүү ард олон Ионатаныг суллан авч, тэр үхсэнгүй. 46 Саул филистчүүдийг мөрдөн хөөхөө зогсоож, филистчүүд өөрсдийн газар луугаа явцгаав.

Саул дайнаа үргэлжлүүлэв

47 Саул Израилын хаанчлалыг гартаа авснаас хойш тэднийг тойрон хүрээлж байсан бүх дайснууд болох Моаб, Аммоны хөвгүүд, Едом, Зобагийн хаад болон филистчүүдтэй тулалдаж, хаашаа ч эргэсэн тэднийг залхаан зовоожh байв. 48 Тэр эр зориг гарган амалекчуудыг устгаж, Израилыг дээрэмчдийн гараас аварч байлаа.
49 Саулын хөвгүүд Ионатан, Ишви, Малхи-Шуа бөгөөд хоёр охиных нь ууганы нэр Мераб, дүүгийнх нь Михал, 50 Саулын эхнэрийн нэр нь Ахиноам юм. Тэрээр Ахимаазын охин байв. Неригийн хөвгүүн, Саулын авга ах Абнер цэргийн жанжин нь байлаа. 51 Саулын эцэг Киш, Абнерын эцэг Нер бөгөөд энэ хоёр нь Абиелын хөвгүүд билээ.
52 Филистчүүдийн эсрэг ширүүн дайн тэмцэл Саулын амьдралын өдрүүдийн туршид байсан бөгөөд эр зоригтой, байлдах чадвартай хүнийг харвал Саул албандаа авдаг байв.


  • a14:12 хэлье эсвэл үзүүлье
  • b14:14 Энэ хэмжээс тодорхойгүй.
  • c14:18 ЭЗО: ефодыг (2:28 үз.)
  • d14:18 ЭЗО: Тэр өдөр үүнийг Ахиа авч явж байв.
  • e14:19 евр: Гараа тат!
  • f14:33 эсвэл өнөөдөр ЭЗО: энд
  • 14:33 Эх 9:4; Лев 7:26–27, 17:10–14, 19:26; Дх 12:16,23, 15:23
  • g14:41 ЭЗО: ариун чулуугаараа бидэнд хариулаач Эх бичвэртээ ийм үгс байхгүй.
  • 14:41 Тоо 27:21; 1См 28:6
  • h14:47 ЭЗО: ялж байв