Саулын амийг Давид хэлтрүүлэв

24 1 Саул филистчүүдийг мөшгөн хөөгөөд, буцаж ирэхэд нь түүнд
—Харагтун, Давид Енгедигийн цөлд байна гэж мэдэгдэв. 2 Тэгээд Саул бүх Израилаас гурван мянган шилэгдсэн эрийг авч, Давид болон түүний хүмүүсийг эрж хайхаар Янгирын хадан хавцлын урдуур явав. 3 Тэрээр замдаа хонины хашаатай газарт ирсэн ба тэнд нэгэн агуй байсанд Саул шилбэ далдлахаарa тийш оржээ. Энэ үед Давид болон түүний хүмүүс тэр агуйн мухарт сууцгааж байлаа.* 4 Давидын хүмүүс өөрт нь
—ЭЗЭН танд “Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгнө. Түүнийг тааллаараа болгогтун” гэж айлдсан тэр өдөр нь болов гэцгээв. Тэгтэл Давид босож Саулын дээлийн хормойг сэмхэн огтолж авлаа. 5 Үүний дараа Саулын дээлийн хормойноос огтолж авсандаа түүний сэтгэл ихэд зовов. 6 Тэрээр хүмүүстээ
—Түүнийг ЭЗЭНий тосолсон хүн гэдгийг нь би мэдсээр байж, түүн рүү гар далайх ийм хэргийг ЭЗЭНий тосолсон хүн болох өөрийн эзэнд хийхээс ЭЗЭН намайг хол байлгаг гэж хэлэв.* 7 Давид ингэж өгүүлээд хүмүүсээ ятган, Саул руу дайрахыг тэдэнд зөвшөөрсөнгүй. Саул ч босож, агуйгаас гарч, замдаа гарав.
8 Үүний дараа Давид босож агуйгаас гараад Саулын араас дуудан
—Эзэн хаан минь! гэв. Саулыг эргэж харахад Давид нүүрээрээ газарт доош бөхийн мөргөлөө. 9 Давид, Саулд
—Та юунд “Харагтун, Давид таныг хорлох гэж байна” гэж хэлдэг хүмүүсийн үгийг сонсоно вэ? 10 Харагтун, өнөөдөр энэ агуйд ЭЗЭН таныг миний гарт өгснийг энэ өдөр та өөрийн нүдээр харсан билээ. Зарим маань таныг алъя гэсэн боловч би таныг өрөвдөж, “Би өөрийн эзний эсрэг гар сунгахгүй. Учир нь тэр ЭЗЭНий тосолсон хүн” гэж хэлсэн билээ. 11 Хараач эцэг минь, гарт минь буй дээлийнхээ хормойг хараач. Таны дээлийн хормойг би огтлон авсан боловч таныг алаагүй нь хорон муу болоод гэмт үйлдэл миний гарт үгүй гэдгийг танд мэдүүлэг. Таны эсрэг би нүгэл үйлдээгүй боловч та амийг минь авахаар мөрдөж байна. 12 ЭЗЭН та бид хоёрыг шүүж, ЭЗЭН танаас өшөөг минь авах болтугай. Харин би танд гар хүрэхгүй. 13 Эртний зүйр мэргэн үгэнд “Буруутнаас буруу л бултайх” гэдэг билээ. Харин би танд гар хүрэхгүй. 14 Израилын хаан хэний араас ирсэн бэ? Та хэнийг хөөн мөшгөж байна вэ? Энэ чинь үхсэн нохой эсвэл нэг бөөсний араас хөөсөнтэй адил.* 15 Тийм учраас ЭЗЭН шүүгч болж, та бид хоёрын хоорондохыг шүүж, Тэр миний гомдлыг хараад таны гараас намайг өршөөн аврах болтугай гэж хэлэв.
16 Давид Саулд энэ үгсийг хэлсний дараа Саул
—Давид хүү минь, энэ чиний дуу юу? гээд чангаар уйлав. 17 Тэр, Давидад
—Чи надаас илүү зөвт байна. Учир нь чи надад сайн хандаж байхад би чамд муу санаж явжээ. 18 ЭЗЭН намайг чиний гарт тушаасан атал чи намайг алсангүй. Үүгээр чи надад хэчнээн сайн ханддаг чинь мэдэгдэж байна. 19 Өстөн дайснаа олчихоод зүгээр суллан явуулдаг хэн байна вэ? Тиймээс чиний өнөөдөр надад үйлдсэн хэргийн төлөө ЭЗЭН чамайг сайн сайхнаар шагнах болтугай! 20 Харагтун, чи хаан болж, чиний гарт л Израилын хаанчлал тогтоно гэдгийг би лавтай мэднэ. 21 Миний дараа үлдэх үр удмыг минь чи таслан устгахгүй, миний нэрийг миний эцгийн гэрээс арчихгүй гэдгийг ЭЗЭНээр надад тангараглагтун гэж хэлэв. 22 Давид үүнийг Саулд тангараглав. Саул гэртээ буцаж, харин Давид болон түүний хүмүүс бэхлэлт рүү явлаа.


  • a24:3 шилбэ далдлах: бие засах гэсэн утгатай.
  • 24:3 Дуу 57 (гарчиг), Дуу 142 (гарчиг)
  • 24:6 1См 26:11
  • 24:14 1См 26:20