Гатын хаан Ахишт Давид үйлчлэв

27 1 Давид
—Би нэг л өдөр Саулын гарт устгагдах байх. Филистчүүдийн нутагт зугтаж очихоос өөр арга надад алга. Тэгвэл Саул намайг Израилын хязгаар нутаг даяар эрж хайхаас цөхөрнө. Ингээд би түүний гараас зугтана гэж зүрхэндээ бодов. 2 Тэгээд Давид босож, өөртэйгөө хамт байсан зургаан зуун хүнээ дагуулан Гатын хаан Маохын хөвгүүн Ахиш руу очив. 3 Давид болон түүний хүмүүс өөрсдийн гэр бүлтэйгээ хамт Гатад Ахишийн хамт суужээ. Давид хоёр эхнэр, Иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан кармел эмэгтэй Абигаил нартай хамт байв. 4 Давидыг Гат руу зугтсаныг Саулд мэдэгдсэнд Саул дахин Давидыг мөшгөсөнгүй.
5 Дараа нь Давид, Ахишт
—Хэрэв би одоо таны нүдэнд тааллыг олсон бол уг нутгийн хотуудын нэгний газрыг надад өгч, тэнд намайг суулгаж өгнө үү. Зарц чинь хааны хотод тантай хамт яахан сууж болох билээ? гэж хэлэв. 6 Ийнхүү Ахиш тэр өдөр Зиклагийг Давидад өгөв. Тийнхүү Зиклаг нь өнөөдрийг хүртэл Иудагийн хаадын мэдэлд байдаг ажээ. 7 Филистчүүдийн нутагт Давидын суусан хоногийн тоо нэг жил дөрвөн сар болов.
8 Давид хүмүүсийнхээ хамт явж гешурчуудыг, гирзичүүдийг бас амалекчуудыг дайран тонов. Тэд Египетийн нутаг хүртэлх Шурын хязгаар газар нутгийн эртний оршин суугчид байжээ. 9 Давид эдгээр нутаг руу дайрч, нэг ч эрэгтэй, эмэгтэй хүнийг амьд үлдээлгүй, хонь, үхэр, илжиг, тэмээн сүрэг болон хувцас зэргийг булаан авч, дараа нь буцаж Ахиш руу ирдэг байлаа. 10 Ахиш
—Өнөөдөр чи хэнийг дайран тоносон бэ? гэж асуухад нь Давид
—Иудагийн Негев эсвэл Иерахмеелын Негев эсвэл Кенийн Негев гэж хариулдаг байв. 11 “Давид ийм хэрэг үйлдэж, филистчүүдийн нутагт сууж байхдаа үргэлж ингэдэг байв” хэмээн хэлж, бидний тухай мэдэгдэх вий гэсэндээ тэр нэг ч эрэгтэй, эмэгтэй хүнийг амьд үлдээдэггүй мөн Гатад ганц ч хүнийг дагуулж ирдэггүй байв. 12 Үүнээс болоод Ахиш, Давидад итгэн
—Давид өөрийн ард түмэн Израилын дунд жигшигдэх хэргийг үйлдэж байгаа тул тэр мөнхөд миний зарц болно гэж бодож байлаа.