Саулын амийг Давид дахин хэлтрүүлэв
26 1 Гибеад байсан Саул руу зифчүүд ирж
—Давид, Иешимоны урд талд байдаг Хахила довд нуугдаж байна! гэж хэлэв.* 2 Саул босож, Израилын гурван мянган шилмэл эрийг авч, Зифийн цөлд байгаа Давидыг эрэхээр Зифийн цөл рүү хөдлөв. 3 Саул Иешимоны урд талд, замын дэргэд орших Хахила довд хуарагналаа. Энэ үед Давид цөлд байв. Саул өөрийг нь мөрдөж цөлд ирснийг хараад 4 Давид туршуулуудыг явуулж Саулын ирээд байгааг мэдэв. 5 Дараа нь Давид, Саулын хуарагнасан газарт ирж, Саул болон түүний цэргийн жанжин, Неригийн хөвгүүн Абнер нарын унтаж буй газрыг харлаа. Саул буудлын дунд унтаж, хүмүүс нь түүнийг тойрон байрлажээ.
6 Тэгээд Давид хит хүн Ахимелех болон Зеруиагийн хөвгүүн Иоабын дүү Абишаи нарт хандан
—Хэн надтай хамт Саул руу, буудал руу явах вэ? гэсэнд Абишаи
—Би тантай хамт уруудан явъя гэж хариулав. 7 Ийнхүү Давид, Абишаи хоёр шөнөөр хүмүүс рүү очив. Харагтун, Саул буудлын дунд унтаж байсан ба түүний жад толгойнх нь хажууд газарт зоолттой байв. Абнер болон хүмүүс нь түүнийг тойрон унтаж байлаа. 8 Тэгэхэд Абишаи, Давидад
—Бурхан өнөөдөр таны дайсныг гарт тань өгчээ. Тийм учраас энэ жадаар түүнийг нэгмөсөн газарт хатгаж алахыг надад зөвшөөрнө үү. Би хоёр дахин хатгахгүй гэв. 9 Гэвч Давид, Абишаид сөргүүлэн
—Түүнийг бүү алагтун. ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар сунгаад хэн шийтгэлгүй үлдэж чадах вэ? гээд 10 Давид цааш нь
—ЭЗЭН амьд! ЭЗЭН түүнийг заавал устгана эсвэл түүний үхэх өдөр ирнэ эсвэл тулалдаанд явж устгагдана. 11 ЭЗЭНий тосолсон хүний эсрэг намайг гар сунгахыг ЭЗЭН хорих болтугай. Харин одоо толгойнх нь хажууд байгаа жад, устай домбыг аваад явъя гэж хэлэв.* 12 Тэгээд Давид, Саулын толгойн хажуугаас жад ба устай домбыг авч явав. Хэн ч харсангүй, хэн ч мэдсэнгүй, хэн ч сэрсэнгүй. ЭЗЭНээс ирсэн гүн нойр тэдний дээр байсан учир тэд бүгд унтаж байлаа.
13 Дараа нь Давид нөгөө тал руу явж, уулын оройд хол очиж зогсов. Тэдний хооронд хол зайтай байлаа. 14 Давид хүмүүсийг болон Неригийн хөвгүүн Абнерыг дуудан
—Абнер аа, чи хариулахгүй юу? гэхэд Абнер
—Хаан руу хашхирдаг чи хэн юм бэ? гэж хариу асуув. 15 Давид, Абнерт
—Чи эр хүн мөн үү? Израилд чамтай эн зэрэгцэх хүн байдаггүй биш үү? Гэтэл чи яагаад эзэн хааныгаа сахин хамгаалсангүй вэ? Учир нь эзэн хааныг чинь хороохоор нэгэн хүн ирсэн билээ. 16 ЭЗЭН амьд! Үйлдсэн чинь сайн биш агаад та нар үхвэл зохилтой. Учир нь та нар өөрсдийн эзэн, ЭЗЭНий тосолсон хүнийг хамгаалсангүй. Одоо хааны толгойн хажууд байсан хааны жад ба домботой ус хаана байгааг харагтун гэж хэлэв. 17 Тэгэхэд Саул, Давидын дууг танин
—Давид аа, хүү минь энэ чиний дуу юу? гэхэд Давид
—Миний дуу, эзэн хаан минь! гэж хариулав. 18 Тэр бас
—Яагаад эзэн минь өөрийн зарцын араас мөшгөнө вэ? Би юу үйлдэв? Эсвэл миний гарт ямар бузар муу юм байна вэ? 19 Тийм учраас одоо миний эзэн хаан өөрийн зарцын үгийг сонсож соёрхоно уу. Хэрэв ЭЗЭН таныг миний эсрэг болгосон бол, Тэр тахилыг хүлээн авах болтугай. Харин тэр нь хүмүүсийн хэрэг бол ЭЗЭНий өмнө тэд хараагдах болтугай. Учир нь тэд намайг өнөөдөр ЭЗЭНий өв залгамжлалтай холбоогүй болгон хөөн явуулж, “Явж бусад бурхдад үйлчил” гэж хэлж байгаа хэрэг юм. 20 ЭЗЭНий оршихуйгаас холдоход миний цус газарт бүү урсаасай. Учир нь Израилын хаан, ууланд ятуу шувуу агнаж байгаа хүн шиг л, ганцхан нохой бөөс эрэхээр гарчээ гэж хэлэв.
21 Тэгэхэд Саул
—Би алдаа хийв. Давид аа, буцаж ирэгтүн хүү минь! Би дахин чамд гай тотгор учруулахгүй. Учир нь өнөөдөр миний амь чамд үнэтэй байв. Харагтун, би мунхаг зүйл үйлдэж, том алдаа гаргалаа гэв. 22 Давид хариулан
—Харагтун, хааны жад энэ байна! Залуусынхаа нэгийг илгээж, үүнийг авагтун. 23 ЭЗЭН хүн бүрийг зөвт байдал болон итгэмжит чанараар нь хариу шагнах болно. ЭЗЭН өнөөдөр таныг миний гарт өгсөн боловч би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар сунгахаасаа татгалзсан билээ. 24 Харагтун, миний нүдэнд өнөөдөр таны амь ихэд үнэтэй байсны адил ЭЗЭНий мэлмийд миний амь ихэд үнэтэй байх болтугай. ЭЗЭН намайг зовлон шаналан бүхнээс аврах болтугай гэж хэлэв. 25 Дараа нь Саул, Давидад
—Миний хүү Давид аа, чи ерөөгдөх болтугай. Чи их хэргийг бүтээж, үнэхээр амжилт олох болно гэв. Ингээд Давид аянаа үргэлжлүүлж, Саул өөрийнхөө газар луу буцав.
- 26:1 Дуу 54 (гарчиг)
- 26:11 1См 24:6