Филистчүүд ба Бурханы авдар

5 1 Филистчүүд Бурханы авдрыг булаан аваад, түүнийг Ебенезерээс Ашдод руу авчрав. 2 Филистчүүд Бурханы авдрыг авч, Дагоны дуганд авчран Дагоны дэргэд тавив. 3 Ашдодчууд дараа өдөр эртлэн босож харвал Дагон нь ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газар уначихсан байв. Тэд Дагоныг авч байранд нь эргүүлэн тавив. 4 Гэвч тэд дараагийн өглөө нь эрт босоход, харагтун, Дагон нь ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газар уначихсан байв. Дагоны толгой ба хоёр сарвуу нь тасарч, босгоны дэргэд байсан ба Дагоны их бие нь л үлдсэн байв. 5 Тиймээс Дагоны тахилчид болон Дагоны дуганд ирэгч хэн боловч өнөөг хүртэл Ашдодод байдаг Дагоны дуганы босгон дээр гишгэдэггүй болжээ.
6 ЭЗЭНий мутар ашдодчуудын дээр хүндээр дарж, Ашдод болон түүний нутаг дэвсгэр дэх хүмүүсийг Тэр сүйрүүлж, булдруу өвчнөөрa цохив. 7 Ашдодын хүмүүс үүнийг үзээд
—Израилын Бурханы авдар бидний дунд байж болохгүй. Тэр Бурханы мутар бид болон бидний бурхан Дагон дээр хүнд дарсан билээ гэцгээв. 8 Тэгээд тэд хүмүүсийг явуулж, Филистийн бүх ноёдыг цуглуулан
—Израилын Бурханы авдрыг бид яах вэ? гэв. Тэд хариулан
—Израилын Бурханы авдрыг Гатад аваачъя гэв. Тэгээд Израилын Бурханы авдрыг аваачлаа. 9 Түүнийг Гатад аваачсаны дараа ЭЗЭНий мутар энэ хотын эсрэг асар их үймээн самуун авчрав. Бурхан, булдруут өвчин тархаан хотын хүмүүсийг их, бага гэлгүй бүгдийг цохив. 10 Тиймээс тэд Бурханы авдрыг Екрон руу илгээв. Бурханы авдар Екронд хүрч ирсэнд екрончууд бархиран хашхиралдаж
—Тэд биднийг болон манай ард олныг үхүүлэхийн тулд Израилын Бурханы авдрыг бидэн рүү авчирлаа гэцгээв. 11 Тиймээс тэд хүмүүсийг илгээж, Филистийн хамаг ноёдыг цуглуулан
—Биднийг болон манай ард олныг үхүүлэхгүйн тулд Израилын Бурханы авдрыг байсан газарт нь буцаа гэж шаардав. Учир нь хот даяар үхлийн үймээн самуун болж, Бурханы мутар тэнд маш хүндээр дарж байв. 12 Үхээгүй хүмүүс нь булдруу өвчинд нэрвэгдэж, хотын гаслах дуун тэнгэрт хадаж байв.


  • a5:6 булдруу өвчин: хулгана хэт олширсноос үүдэлтэй булчирхайн тахал бололтой. (6:5 үз.)