Зиклагийг сүйрүүлсэнд Давид өсөрхөв
30 1 Давид ба түүний хүмүүсийг гурав хоногийн дараа Зиклагт буцаж ирэхэд амалекчууд Негев хийгээд Зиклаг руу довтлон тонож, Зиклагийг цохиж галдан шатаасан байжээ. 2 Тэд эмэгтэйчүүд ба тэнд байсан бүх хүнийг их бага гэлгүй олзлон авч, нэг ч хүнийг алалгүйгээр нутаг руугаа авч явсан байлаа. 3 Давид хүмүүстэйгээ хотод орж ирэв. Хотыг галдан шатааж эхнэр хүүхдүүд, охидыг нь олзлоод явсныг тэд үзэв. 4 Тэгэхэд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс дуугаа өндөрсгөн уйлах ч тэнхээгүй болтлоо цурхиран уйлав. 5 Давидын хоёр эхнэр болох иезреел эмэгтэй Ахиноам мөн Набалын эхнэр байсан кармел эмэгтэй Абигаил нарыг ч олзлон явсан байв.* 6 Түүнээс гадна ард олон бүгд өөр өөрсдийн хөвгүүд охидынхоо төлөө сэтгэл гашуудсанаас болж, Давид руу чулуу шидэж, алахаар ярилцаж байсан учраас Давид ихэд шаналав. Гэвч Давид өөрийн Бурхан ЭЗЭНээр өөрийгөө зоригжуулав.
7 Дараа нь Давид, Ахимелехын хөвгүүн тахилч Абиатарт хандан
—Ефод авч ирэгтүн гэж гуйсанд Абиатар, Давидад ефодыг авчирч өгөв.* 8 Давид, ЭЗЭНээс лавлан
—Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? гэж асуухад ЭЗЭН түүнд
—Мөрдөгтүн, чи тэднийг хөөж гүйцэх нь ч баттай, бүхнийг аврах нь ч лавтай гэж хариулав. 9 Тэгээд Давид зургаан зуун хүний хамт явж, Бесор горхинд хүрч ирэхэд зарим нь тэнд үлдэв. 10 Бесорыг гаталж чадахгүй болтлоо туйлдсан хоёр зуун хүн тэндээ үлдсэн учир Давид дөрвөн зуун хүний хамт цааш мөрдөн хөөлөө.
11 Тэд хээрээс нэгэн египет хүнийг олж, түүнийг Давид руу дагуулж ирэв. Тэгээд түүнд талх идүүлж, ус уулгалаа. 12 Тэд бас түүнд хэсэг хатаасан инжир, хоёр боодол үзэм өгсөнд өнөөх нь тэдгээрийг идэж тэнхээ оров. Учир нь тэр гурван өдөр, гурван шөнө талх идэж, ус уугаагүй ажээ. 13 Давид түүнээс
—Чи хэний хүн бэ? Хаанаас ирсэн бэ? гэж асуухад
—Би египет залуу бөгөөд амалек хүний зарц юм. Би гурав хоногийн өмнө өвчин тусахад эзэн маань намайг орхиж явсан. 14 Бид керетчүүдийн Негев, Иудад харьяалагдах газар болон Калебын Негев рүү довтлон тонож, Зиклагийг галдан шатаасан юм гэж хэлэв. 15 Тэгэхэд Давид түүнд
—Тэдгээр дээрэмчдийн бүлэг рүү чи газарчилж чадах уу? гэж асуухад
—Намайг алахгүй бас миний эзний гарт өгөхгүй гэдгээ Бурханаар надад тангараглагтун. Тэгвэл би таныг тэдгээр дээрэмчдийн бүлэг рүү аваачиж өгье гэж хариулав.
16 Тэр Давидыг аваачихад, харагтун, амалекчууд газраар нэг тархаж, филистчүүдийн болон Иудагийн газраас олзлон авсан асар их зүйлсээс болж идэж уун бүжиглэлдэж байлаа. 17 Давид үүрийн гэгээнээс дараа өдрийн орой нь хүртэл тэднийг хядав. Тэмээ унаж зугтсан дөрвөн зуун залуугаас өөр тэдний нэг ч хүн зугтаж чадсангүй. 18 Ийнхүү амалекчуудад булаалгасан бүх зүйлээ Давид эргүүлэн авч, алдсан хоёр эхнэрээ ч бас авран чөлөөлжээ. 19 Тэдний зүйлсээс жижиг ч, том ч, хөвгүүд ч, охид ч, олзлуулсан юмс ч, тэдэнд булаалгасан зүйлсийн нэг нь ч алдагдсангүй. Давид тэр бүхнийг буцааж авав. 20 Ингээд Давид бүх хонь, үхрийг олзолж авлаа. Эдгээрийг тэд сүргийнхээ эхэнд туужa
—Энэ Давидын олз гэж өгүүлэлдэв.
21 Давидыг дагаж чадахгүй болтлоо туйлдаад Бесор горхины дэргэд үлдсэн хоёр зуун хүн дээр эргэн хүрч ирэхэд тэд Давидыг болон түүний хүмүүсийг угтахаар гарч ирэв. Давид тэдгээр хүмүүст ойртон очиж, тэдэнтэй мэндчилэв. 22 Тэр үед Давидтай хамт явсан хүмүүсийн дотроос атгаг санаатай, үл бүтэх хүмүүс ам амандаа
—Тэд бидэнтэй хамт яваагүй учир зөвхөн өөрсдийнхөө эхнэр хүүхдийг л авч яваг. Бид эргүүлж авсан олзноосоо тэдэнтэй хуваалцахгүй гэж хэлжээ. 23 Тэгэхэд Давид
—Ах дүү нар минь, ЭЗЭНий өгсөн юмсыг ингэж болохгүй. Тэрээр биднийг хамгаалж, бидний эсрэг ирсэн дээрэмчдийн бүлгийг гарт маань тушаасан шүү дээ. 24 Ийм хэргийн тухайд та нарын хэлэхийг хэн сонсох вэ? Тулалдаанд явсан хүмүүсийн хувь нь ачаа барааны дэргэд байсан хүмүүсийн хувьтай адилхан. Тэд адилхан хуваах ёстой гэж хэлэв. 25 Тэр өдрөөс хойш Давид үүнийг израилчуудад зарлиг тогтоол ба шийдвэр болгосон нь эдүгээ хүртэл мөрдөгдөж иржээ.
26 Давид Зиклагт ирээд, өөрийн найз нөхөд болох Иудагийн ахлагчдад олзны юмсаас илгээн
—Харагтун, энэ бол ЭЗЭНий дайснуудаас авсан олзноос та нарт бэлэг болгох юмс билээ. 27 Эдгээр нь Бетел, Негевийн Рамот болон Иаттирт байсан хүмүүст, 28 мөн Ароер, Сифмот болон Ештемоад байсан хүмүүст, 29 мөн Ракал, иерахмеелчуудын хотууд болон кенчүүдийн хотуудад байсан хүмүүст, 30 мөн Хорма, Бор-Ашан болон Атахад байсан хүмүүст, 31 мөн Хебронд байсан хүмүүст мөн Давид ба түүний хүмүүсийн явж дассан бүх газрын хүмүүст зориулагдсан билээ гэж хэлүүлэв.
- 30:5 1См 25:42–43
- 30:7 1См 22:20–23
- a30:20 эсвэл Түүний хүмүүс сүргийг түүний өмнө авчирч Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.